Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. Шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг өнөөдөр гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, Яллагдагч С.Баярцогтын өмгөөлөгчөөс түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг өнөөдөр хянан хэлэлцэж, С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Мөн Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Баярцогтод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн яллагдагч С.Баярцогтыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгав.