Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой зарим хэргийг шүүх шийдэж чадахгүй нь. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр М.Тогосгэрэл, М.Баяраа нарт холбогдох хэргийг дахин хэлэлцсэн юм. Уг нь эл хэргийг тус шүүх өнгөрсөн онд хэлэлцээд М.Тогосгэрэлийн хилээр хориотой эд зүйл нэвтрүүлсэн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан, тээвэрлэсэн, худалдах зорилгогүйгээр хадгалсан гэм буруутайд тооцон хоёр жил хорих ял шийтгэж байв. Харин М.Баярааг худалдах зорилгоор мансууруулах бодис олж авч, хадгалсан гэм буруутай гэж үзэн нэг жил хорих ял оноосон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны гуравдугаар сард хянаад анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм.
Хэргийн холбогдогч М.Тогосгэрэл нь 2018 оны гуравдугаар сард хилээр мансууруулах бодис оруулж ирснийг М.Баяраа Говьсүмбэр аймагт тосон авч хамтдаа автомашинаар нийслэл рүү явж байгаад Баянзүрх дүүргийн нутагт баригдсан юм. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан уг хэргийг шуурхай шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсэгт зааснаар “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”, 20.7-2 дахь хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ. М.Тогосгэрэл нь дээрх хэргээс гадна багагүй хэмжээний мансууруулах ургамал олж авсан үйлдэл дээрээ баригдсан бөгөөд уг хэргийг нь хилээр оруулж ирсэнтэй нь нэгтгэхийн тулд нэг удаа шүүх, прокурорын байгууллагаас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байв.
Харин өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон хурлаас М.Тогосгэрэл, М.Баяраа нарын үйлдлийг шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаалаа.
Бэлтгэсэн Н.Равжаа