Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дасгал хийж байсан залуус руу нэг иргэн хүрзээр далайж, заналхийлсэн бичлэг цахим орчинд түгсэн. Өөрөөр хэлбэл иргэн Б өглөөний 06.40 цагийн үед иргэд рүү “унтуулахгүй юм, ална шүү” гээд хүрзээр далайж, танхайрсан аж. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тэрбээр мэдүүлэг өгөхдөө “Үүрийн 05.30 цагт орилоод, унтуулахгүй байсан учраас нохойгоо салхилуулахдаа баасыг нь хамдаг хүрзээр тэр залуусыг айлгасан юм. Хэн нэгнийг гэмтээх бодол байгаагүй” гэсэн. Уг хэргийг шалгаж, иргэн Б согтууруулах ундаа хэрэглээгүй байсан ч олон нийтийн газар танхайрсан нь үнэн болохыг тогтоосон” гэж мэдээллээ.
Дасгал хийж буй залуус тус иргэний оршин сууж буй хотхон руу ороогүй, нийтийн талбайд дасгал хийж байсан учир буруугүй. Харин хүрз барин иргэд рүү дайрсан Б нь олон нийтийн газар танхайрсан учир Зөрчлийн тухай хуулийн 5.2-т зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл албадан сургалтад хамруулж 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах юм байна.