Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын хоёр албан тушаалтныг эрх мэдлээ урвуулж, улсын төсвийн их хэмжээний хөрөнгө завшсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулан шалгаж эхэллээ. Тус газарт удирдах албан тушаал хашиж байсан Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Батсүх нарыг уг хэрэгт холбогдуулан цагдан хорьсныг эх сурвалжууд батлав. Тэд ХААИС-ийг хамт төгссөн найзууд аж. Энэ хоёр хүнтэй хамт МЭЕГ-ын нэгэн газрын дарга, тус газрын хэлтсийн дарга, Тендерийн үнэлгээний хорооны дарга Тунгалаг, ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргааны дарга нарын хэд хэдэн хүнийг шалгаж эхэлсэн гэнэ.
Уг нь манай улс бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2016 оноос өмнө ОХУ-ын Владимр хот дахь Бүх холбоотын мал эмнэлгийн холбооны улсын үйлдвэрээс авдаг байж. Хамгийн сүүлд 2016 онд гэхэд 15 сая тун вакциныг 337.5 мянган ам.доллар буюу нэг тунг нь 0.0225 центээр худалдаж авч байж. Харин 2017-2020 онд дөрвөн удаа Энэтхэгийн “Heister biosciences Limited” гэх хувийн үйлдвэрээс нэг тунг нь 0.093 центээр шууд гэрээ байгуулан дөрвөн ч удаа худалдан авчээ.
Бог малын мялзангийн эсрэг вакциныг дэлхий зах зээл дэх ханшаас өндөр үнээр худалдан авсан нь мөнгө угаасан, албан тушаалаа урвуулсан, авлига, хээл хахуулийн гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэн АТГ-ынхан шалгаж эхэлсэн юм байна. Хэрэгт холбогдсон хүмүүс МЭЕГ-аас зарласан мялзан өвчний эсрэг вакцин худалдан авах Тендерийн үнэлгээний хороонд багтсан байжээ. Тэд эрх мэдлээ урвуулан хэт өндөр үнээр тарилга худалдан авах боломж бүрдүүлсэн байж болзошгүй хэмээн шалгуулж эхэлжээ. Харин Энэтхэгийн компанийг зуучилж, сонгон шалгаруулалтад нөлөөлсөн байж болзошгүй хүн нь ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Батсүх гэж хууль сахиулагчид үзсэн гэнэ. Тэрбээр малын эм, тариа импортлох, худалдах бизнес эрхэлдэг аж. Харин МЭЕГ-аас зарласан тендерийн төлбөрөөс 800 000 орчим ам.долларыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байцаагч охин болон хүргэнийхээ дансаар 2018-2020 онд БНЭУ-ын “Heister bioscineces limited” компаниас хүлээн авчээ. Улмаар Тендерийн үнэлгээний хороонд ажилласан төрийн албан хаагчдад хахууль болгож өгснөөс гадна орон сууц, хаус худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт Батсүхийг холбогдуулан шалгаж байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа