Эхнэрээ автомашинаар дайрч хөнөөгөөд дараа нь өөрийг боомилсон хэрэг энэ сарын 13-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумд гарчээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч О.Эрдэнэхишигээс тодруулахад "Амь хохирогчид 35 болон 32 настай. Тухайн хэрэг Есөнзүйл сумд гарсан ч дээрх иргэд Хужирт сумын VI багт оршин суудаг нь тогтоогдсон. Анхан шатны үзлэгээр нөхөр нь эл хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй хэмээн дүгнэгдсэн. Эхнэр, нөхөр хоёр саахалт айлдаа зочилж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоноод үүрээр тухайн айлаас гарсан байж болзошгүй. Улмаар замдаа маргалдаж, "Портер" маркийн автомашинаар эхнэрээ дайрч хөнөөгөөд, өөрөө эзэнгүй өвөлжөөний малын саравчнаас боомилж амиа хорлосон байсан. Цагдаагийн байгууллагынхан хэргийг нарийвчлан шалгаж буй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Эл хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа" гэв.
Мөн нөхөр нь эхнэртээ гар хүрэх тохиолдол өмнө олон удаа гарч байсан бөгөөд тэд 5-12 насны гурван хүүхэдтэй гэх мэдээллийг албан бус эх сурвалж хэлж байв.