Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаярт холбогдох, хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгтэй холбоотой зарим мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархах болсон. Тухайлбал, нэг иргэн твиттертээ “Түвшинбаярын Энхбатыг зодсон оффис” хэмээн хэрэг гарсан өрөөний зургийг өчигдөр оруулсан нь олны анхаарлыг татав. Хан-Уул дүүргийн I хорооны нутаг, “Зүчи” зочид буудлын дэргэд байрлах барилгын eсдүгээр давхар дахь, Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, аймгийн ИТХ дахь бүлгийн дарга С.Гал-Эрдэнийн албан өрөөний зургийг ийнхүү дэлгэжээ. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэст шалгасан хэвээр ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын өсөх идэр начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг НПГ-т гомдол гаргасны дагуу тус газарт хянаж буй гэнэ. Чухам ямар гомдол гаргасан талаарх мэдээлэл хомс байна.
Олон нийтийн сүлжээнд дээр дурдсан албан өрөөний эд хогшлыг эвдэж сүйтгэсэн зургийг оруулсан нь Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татах ёстой гэж үзсэнийх бололтой. Эх сурвалжуудын мэдээлснээр Э.Энхбатыг зодсоны дараа дээрх өрөөний тавилгыг сүйтгэсэн юм байна. Н.Түвшинбаярт зодуулсан Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж буй бөгөөд эмчилгээнийх нь зардал маш өндөр, олимпын аваргын өгсөн мөнгө түүний хаана нь ч хүрэхгүй гэдгийг хохирогчийн эхнэр, өмгөөлөгч нь мэдэгдэж байгаа билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа