Ажил хийхгүй, амин хувийн эрх ашгаа хамгийн эхэнд тавьдаг, үүрэг, даалгаврыг чинь биелүүлдэггүй, хийсэн нэртэй “халтуурддаг”, хариуцлага алддаг албатуудаасаа одоо сал, Ерөнхий сайд аа. Тэдний “толгой”-г мэдэх эрх танд хангалттай бий. Танхимынхаа сайдаас авхуулаад агентлаг, байгууллагуудын дарга, албан тушаалтныг томилж, чөлөөлж, огцруулах эрхийг Үндсэн хуулиар танд олгосон. Өмнөх Засгийн газрууд, Ерөнхий сайд нарын туулсан шиг “шүд сугалуулж”, нэгэнд нь хариуцлага тооцох нэрээр нийтээр нь, танхимаар нь унагадаг, улангасан дайрдаг УИХ, нам, бүлэглэлийн аюулаас та хавьгүй хол байж, хамгаалагдсанаа ойлгож, ажил хэрэг болгох учиртай. Үүнийг одоо л хийхгүй бол оройтно.
Л.Оюун-Эрдэнэ сайдын зовлон дуусахгүй, огцорч ч мэднэ. Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлснээ АН өчигдөр албан ёсоор зарласан. МАН-д ч гүйцэтгэх засаглалын ажилд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс бий. Хамгийн гол нь олон нийт, иргэд чинь өөр болсон. УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж, Засгийн газрыг дангаараа байгуулан, Ерөнхийлөгч нь хүртэл МАН-ынх, нэг намынх гэх хүч түрсэн хандлагыг хүлээж авахааргүй шинэ, залуу үе төлөвшиж байгааг бүү март.
Эхний ээлжид явуулах хүмүүсийн нэг нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд. Энэ улсын эрүүл мэндийн салбар, иргэдийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. “Муу эр дайнд хөөрнө” гэгчээр хамаагүй эрт хаалгаа барьж, хязгаарлаж орхичихоод, “Халдварыг дотооддоо алдаагүй” хэмээн сүржигнэсний горыг бид дээр, дооргүй амсаж сууна. Харин өмнө нь энэ салбарт сайдаар ажилласан сэтгүүлч эмэгтэй, эмч залуу хоёр нийгмийн сүлжээнд “дайтаж” явна. Сүүлээ хавчиж, сэмхэн атлаа сүр дуулиантайгаар бултсан нэгэн өнөөдөр Төрийн тэргүүний сэнтийд тухалж, өнгөтэй, өөдтэй болгонд өөрийгөө наан, тууз хайчлан давхина. Гэвч аав, ээж, ах, дүү, амраг садан, алдрай үрээ алдсан иргэдийнхээ зовлон, шаналлыг ганц удаа хуваалцаж, толгой гудайлгасан бил үү. Тэр ч бүү хэл, Засгийн газрын шийдэх асуудлыг ҮАБЗ-ийн түвшинд аваачин ярьж, тус зөвлөлийг тэргүүлдгийн хувиар Төрийн тэргүүн түлхүү оролцоотой байж үүрэг, чиглэл өгөх болсон нь шүүмжлэл дагуулж буй. Үнэндээ тэрбээр цар тахлын үед цэргийн ёслолын жагсаал хийж, намынхаа түүхт 100 жилийн ойн баяр наадмыг сүр жавхлантай зохион байгуулж, нээлтийн үгийг нь хэлэх гэсэн хүслээ дарж ядаад байх шиг. Дөнгөж төрсөн эхийг нярай үртэй нь хамт нөмгөн алхуулсны төлөө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь ердөө л Ерөнхийлөгч болох замаа зассан, зальжин бөгөөд увайгүй үйлдэл байсан нь өдөр ирэх бүр ил болж байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарт жинхэнэ хариуцлага, хүн ёсны гэмшил мэдэрч, буруугаа хүлээсэн албан тушаалтан, ажил хариуцсан хүн нэг ч алга. Хэрэв “ах”-ын тогтоосон жишиг “амьд” байсан бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та огцрох болзлоо хэдийн хангачихаагүй биш гэж үү. Иймд өвчилж, үхэгсдийнхээ тоонд дөжирчихсөн яваа энэ салбарын эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцолгүй илүү нэг ч өдрийг үдмээргүй байна, Ерөнхий сайд аа. Архичин байлаа ч амьд явах эрхтэй атал болох ёстой зүйл болдгоороо болсон мэт хэнэггүйхэн яриад сууж байгаа тэр дарга шиг хүн эрүүл мэндийн салбарт олон байгааг цар тахал илчилсэнд талархах ёстой ч юм шиг.
Цар тахлын амаргүй үед Улсын онцгой комиссыг тэргүүлж, өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар хангаж байгаа Шадар сайд С.Амарсайханаас энэ бүхнийг салгаж ойлгох аргагүй. Олон нийтийг төөрөгдүүлж, эргэж, буцсан олон шийдвэрийнх нь дунд иргэд мөн их будилсан. Өнөөдөр ч хэвээрээ. Энэ хүн улсын, иргэдийнхээ эрх ашгийн өмнүүр эхнэрийнхээ, ар гэрийнхнийхээ амь нас, амин хувийн ашиг сонирхлыг тавьдаг нь олон нийтэд ил болж, төрийн өндөр албан тушаалтны хувьд ёс зүйн хариуцлага хүлээж, аль хэдийн ажлаасаа чөлөөлөгдөх байсан. Гэвч тэр зууралдсаар л явна.
Өнөө, маргаашгүй явуулах ёстой хүмүүсийн нэг нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар та “Энэ бөөгнөрлийг арилгахын тулд Хятадын талтай ярилцаад өдөрт 150-200 хоосон машин урагшаа гаргаад ачаа татна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн Ерөнхий сайддаа хоосон тайлбар хэлэхээсээ ичих хэрэгтэй. Магадгүй Ерөнхий сайд та Замын-Үүдээс буцахдаа Засгийн газрын ээлжит бус хуралдаан товлож, өөрийг чинь зогтусаж, цочролд оруулахад хүргэм бодит байдал бий болгосон буруутнуудад хариуцлага тооцох шийдвэрийнхээ төслийг хэдийн боловсруулах ёстой байлаа. Урд хил дээр иргэд, бизнес эрхлэгчдийн ачаа, бараа хэдэн сараар гацаж, овоорон, автомашинууд мянга мянгаараа бөөгнөрөн, ажилгүй, орлогогүй, ар гэрээ тэжээж чадахгүйд хүрэн, сул зогсож байхад тээврийн асуудал хариуцсан сайд чинь юу хийсэн юм бэ. Асуудал ингээд зогсохгүй, үр дагавар нь үүгээр хэмжигдэхгүй л дээ. Боомт дээр төлөх ачааны төлбөр хэд дахин өсөж, хүмүүсийн халаасыг сэгсэрч байгаа бол бараагаа хүлээсэн хүмүүс, иргэд энд нийлүүлэлт тасарсан барааны үнэ хөөрөгдөж байгаагийн золиос болж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та арга ядахдаа өөрөө өмнөд боомт руу давхиж очоогүй гэж үү. Шатахуун тээвэрлэсэн вагон осолдож, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан нь илт байхад энэ хүний толгойг илсээр суух уу. Нийслэлээс Дархан-Уулыг чиглэсэн домогт, бартаат замын бүтэлгүй бүтээн байгуулалт ч энэ л хүнтэй шууд холбоотой. Л.Халтар бол У.Хүрэлсүхийн дараалан тэргүүлсэн хоёр ч Засгийн газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд улиран томилогдсон сайд. Нутгийн ах, намын тамгыг танд шилжүүлээд Төрийн тэргүүн болсон хүн түүнийг анх томилсон байлаа ч үүрэг, хариуцлага нь дүйхгүй байгаа бол үдэж явуулах эрх нь танд бий, Ерөнхий сайд аа.
Эс бөгөөс та хүртэх ёстойгоо л хүртэнэ. Хойшид таны албатууд ийн гайхшируулсаар байх болно. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, ажлаа эрчимжүүлэхгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна гэсэн Ерөнхий сайд таны анхааруулга хоосон, сүргүй сонсогдож байна. Замын-Үүдэд үүссэн нөхцөл байдлаас харахад л тэнд ажиллаж буй хилийн хяналтын байгууллагууд, зөвхөн эл асуудлыг шийдвэрлэж, зохицуулахаар байгуулагдсан тусгай ажлын хэсгийнхэн өнөөдрийг хүртэл юу хийв. Яагаад бахь байдгаараа үргэлжилнэ вэ. Боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай ажлын хэсгийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулан байгуулснаас хойш бүтэн сарын нүүр үзэх гэж байна шүү дээ.
Цаашлаад тэнд байгаа “аймаар” ариутгалын хаалга л “гэрэлд цохиулан” шүүмжлэлийн бай болчихсоноос бус, боомтод ажилладаг гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийнхний үйл ажиллагаа, төрийн албан хаагчид авлигажиж, маш нарийн зохион байгуулалтад орсныг төдийгөөс өдий хүртэл ярьж ирсэн. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэгчлэн ихэс дээдсийнх нь энэ мэт хандлага дунд, доод шатандаа халдварлачихаад байгаа нь энэ. Цар тахлын онцгой энэ үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх заавар, зөвлөмж, тушаал байсаар байтал үл хайхарч, өөрсдөөсөө зайлуулснаар хүний амь хохирсон нь ч дээрхийн бодит жишээ. Эмнэлгийн зүгээс яаралтай арга хэмжээ авсан бол иргэн Р өнөөдөр амьд сэрүүн үлдэх боломжтой байсныг хэлэх хүн олон байна. Энэ эмгэнэлт явдлын цаана эмнэлгийн ажилтнууд үүргээ бүрэн ухамсарладаггүй, онцгой нөхцөлд ажиллах дүрэм журмыг сахиж, мөрддөггүй, эмнэлгүүд иргэдийг чирэгдүүлж хоорондоо “шидэлцэн” хугацаа алддаг, хариуцлагаас зайлсхийж, нэгэн рүүгээ чихдэг, тусламж авахаар ирсэн хүнд яаралтай үйлчилгээ үзүүлэхийн оронд бүртгэл, бичиг цаасыг чухалчилдаг гэх мэт байдал даамжирсан бодит дүр зураг бий. Эрүүл мэндийн салбарт яаралтай шинэчлэл хийж, хүний нөөцийг чадавхжуулах, хариуцлагыг дээшлүүлэхгүйгээр хүн ардад эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, хүндрэлгүй хүргэх боломж хомс байгаа нь энэ явдлаас тодорхой боллоо. Эрх мэдэлтнүүд, “ах” нарын шахалтаар томилогдсон хүмүүс эрүүл мэндийн болон бусад олон салбарыг доройтуулж, ялзруулж байна шүү дээ.