Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, нийслэлтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Мөн төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах ажлын явцын мэдээллийг сонсож, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бус болгон хөгжүүлэхээр тогтоол баталж, холбогдох хүмүүст үүрэг, чиглэл өгчээ.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэхдээ нэрийг нь Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болгон өөрчлөн тусгасан байна. Тэрбээр “Энэ хуулийг баталснаар нийслэл хотын эдийн засгийн бие даасан байдал эрс дээшилж, эрх зүйн реформын шинжтэй заалтууд бодитой хэрэгжинэ. Улаанбаатарыг нэг бус, олон төвт болгох, дагуул хотуудыг хөгжүүлэх тусгайлсан зохицуулалтууд төсөлд бий. Тухайлбал, шинэ нисэх нисэх буудалд түшиглэн бие даасан төв, аэросити байгуулахаар тусгасан. Ер нь эдийн засгийн чөлөөт бүс болгох зорилготой. Тэнд 150 мянга орчим өрх амьдрахаар тооцсон. Хуулиа шинэчилж чадвал тулгамдсан олон асуудлаа шийдэх боломжтой. Юутай ч Засгийн газар бодлогынхоо нэгдүгээрт нийслэл Улаанбаатарыг тавьж, бодитой дэмжиж ажиллах нь. Жилд 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүйгээр хөрөнгө мөнгө төсөвлөж, түгжрэл, төвлөрлийг бууруулахад зарцуулдаг болно. Гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүд байгуулан, төвлөрлийг үе шаттайгаар бууруулахаар тооцож байна. Үүнийг хийхдээ хувийн хэвшлийнхнээсээ ч дэмжлэгийг нь авна. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний томоохон газрууд, төрийн захиргааны байгууллагууд дэд төвүүдэд байрлаж ажиллах юм. Метроны ТЭЗҮ, хөрөнгө босгох ажлуудыг давхар хийгээд явж байна” гэв.
Гандан орчмыг автомашингүй бүс болгоход анхаарч ажиллахаа тэрбээр хэлсэн. Энэ бүсэд нийт 55.8 га газар хамаардаг бөгөөд дийлэнх нь гэр хороолол. Үүнээс 13.7 га-д төлөвлөлт хийхээр тооцсон юм байна. Хөрөнгө санхүүгийн асуудал тулгарч байгааг нийслэлийн Засаг дарга нуусангүй. Тэндхийн иргэд газраа өмчилсөн байдаг бөгөөд 0.7 га нь тэрбум орчим төгрөгийн үнэлэгддэг аж. Иймд иргэдтэйгээ ярилцаж, хэлцэл хийнэ гэлээ. Ер нь Гандан орчмыг үндэсний хэв маягийг хадгалсан, соёл, аялал жуулчлалын бүс болгох гэнэ.
Мөн улсын баяр наадмыг хугацаанд нь үзэгчгүй хийхээр болсон шийдвэр хэвээрээ гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа уламжлав. Харин орон нутагт цар тахлын халдвар буурвал долдугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн наадам хийх, эсэхийг шийдвэрлэх юм байна. Мөн хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.