750 сая төгрөгийн өртөгтэй уушгины аппарат дөрвийг авах мөнгөөр хийх гэж буй цахим наадмыг хойшлуулахгүй гэв
Үндэсний их баяр наадамд Засгийн газраас 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл эл шийдвэрийг иргэд эсэргүүцэж цахим орчинд "No_Naadam" давлагааг өрнүүлсэн ч эрх баригчид "гандан буурахгүй" цахим наадам хийхээр болсон. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Наадмыг орон нутагт тэмдэглэхийг хориглож, нийслэлд үзэгчгүй, цахимаар тэмдэглэнэ. Тус баярт төсөвлөсөн 10 тэрбум төгрөгөөс хэмнэсэн зардлаа эрүүл мэндийн салбарт зарцуулна" гэж шийдвэрлэсэн. Харин өнөөдөр эл шийдвэрээ эцэслэн баталж, Ерөнхий сайд "7-р сарын 20-оос халдварын тохиолдол буурвал зарим аймаг, сумдад наадам тэмдэглэнэ. Нийслэлд цахим наадам тэмдэглэх хэвээрээ" гэсэн талаар Засгийн газраас мэдээллээ. Цар тахлын хүнд цагт эрүүл мэнд, эдийн засаг элгээрээ мөлхсөн ч эрх баригчид наадмаа хийнэ гэх шийдвэртээ бат зогслоо. Иргэдийн цахим орчинд уриалсан "No_Naadam" ч тэдэнд нөлөөлөөгүй нь харамсалтай.