АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зургадугаар сарын 9-ний Лхагва гарагт Их Британид хүрэлцэн иржээ. Байдены уг айлчлал АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш хийж буй анхны гадаад айлчлал юм.
6-р сарын 10-нд Байден Жонсонтой уулзахаар товлоод байгаа бөгөөд талууд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, Их Британи Европын Холбооноос гарсны дараа тус холбоотой байгуулсан Умард Ирландын тухай протоколыг хэлэлцэх аж.
Мөн Жо Байдеэ болон тэргүүн хатагтай Жилл Байден нар Их Британийн хатан хаан II Элизабеттай Виндзор цайзад уулзахаар товлоод буй юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тус улсад хийх айлчлалын гол зорилго нь 6-р сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Их Долоо”-гийн уулзалтад оролцох явдал юм. Уулзалт Английн Корнуолл гүнлэгт эхлэх бөгөөд коронавирусийн цар тахал, уур амьсгалын өөрчлөлт тэргүүтэй дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Эдгээр уулзалтын дараа Ж.Байден Умард Атлантын гэрээний байгууллагын /NATO/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бельгийг зорих бөгөөд түүний дараа Швейцарт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана.