“Амазон” компанийн ерөнхий захирал Жефф Безос ирэх долдугаар сарын 20-нд дүүтэйгээ хамт сансарт нисэх болсн тухайгаа Даваа гарагт /2021.06.07/ мэдэгджээ
“Би таван настайгаасаа хойш сансарт нисэхийг мөрөөддөг болсон. Долдугаар сарын 20-ны өдөр би дүүтэйгээ хамт сансарт нисэхээр боллоо” гэж Жэф Безос Instagram хуудсандаа мэдээлсэн байна. "Энэ туршлага таныг, энэ гаригтай харьцах харьцаа, хүн төрөлхтнийг өөрчилнө" гэж Безос нэмж хэлжээ.
Тэрбээр сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Blue Origin компанийг байгуулсан бөгөөд тус компанийн зохион бүтээсэн New Shepard хөлөг ирэх сарын 20-нд анх удаа хүн тээвэрлэж сансарт хөөрөхөөр болсон байна.
New Shepard хөлгийн анхны аялалд ах дүү Безосаас гадна дахиад нэг суудал байгаа бөгөөд тжрхүү гуравь дахь суудлыг олон улсад дуудлага худалдаагаар зарж байгаа аж. Өнөөдрийн байдлаар энэ өрсөлдөөнд дэлхийн 143 улсын 6,000 орчим хүн өрсөлдөж, үнэ нь $2.8 саяд хүрээд байна.
New Shepard хөлгийн аялал нийтдээ 10 минут үргэлжлэх бөгөөд үүнээс дөрвөн минутыг нь дэлхийн агаар мандал болон сансрын уудам хоёрын хил зааг дээр өнгөрүүлэх юм. Өөрөөр хэлбэл дэлхийн гадаргаас 100 км өндөрт дөрвөн минутыг өнгөрүүлэхдээ жингүйдлийг биеэрээ мэдэрч, бөмбөрцөг хэлбэртэй дэлхийг хөлгийн цонхоор харна. Хөлгийг хөөргөсөн хурдасгуурууд тусгайлан зассан тавцан дээр автоматаар буцаж газардах бол хөлөг өөрөө гурван аварга шүхрийн тусламжтай газардах юм.
New Shepard хөлгийг өнгөрсөн хугацаанд хүнгүйгээр арав гаруй удаа амжилттай туршсан байна. Хөлгийн нэр нь 60 жилийн өмнө сансарт ниссэн анхны Америк хүн болох Алан Шепардын нэрнээс гаралтай.