Өнөөдөр буюу Лхагва гарагт (2021.06.01) ОХУ-ын Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн форум эхэлж байна. Форум энэ сарын 5-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд ажил хэрэгч хүрээллийнхэн цугларч, эдийн засгийн гол асуудлуудыг хэлэлцэх юм.
Форум тус хотын хамгийн том үзэсгэлэн-хурлын “Экспофорум” танхимд ДЭМБ-ын шаардлагад нийцүүлэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээг чанд мөрдөн зохион байгуулагдаж байна.
Форумын хүрээнд Олон улсын хэлэлцүүлгийн клуб болох "Валдай"-н хэлэлцүүлгүүд уламжлал ёсоор зохион байгуулагдах юм байна. Энэ жил тэдгээр хэлэлцүүлгүүдийн нэг нь хориг арга хэмжээ дэлхийн санхүүгийн систем, бизнест үзүүлэх эрсдэлийн асуудалд зориулагдах аж.
Энэ жилийн форумд ойролцоогоор таван мянган хүн оролцох бөгөөд гадаадын төлөөлөгчдийн хамгийн том бүрэлдэхүүн АНУ-аас ирэх аж. ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Андрей Белоусовын хэлсэнчлэн Давост "ярилцах" боломжгүй байсан тул одоо "бүгд Санкт-Петербургт ирнэ" гэсэн үг аж. “Миний бодлоор ширүүн үг хэлж, хатуу хориг арга хэмжээ авах тусам төдий чинээ олон хүмүүс ирдэг юм шиг санагддаг. Энд хэрхэн яаж даван туулж байгааг харах сонирхолтой байдаг байх "гэж тэрбээр хэлжээ.
Энэ жилийн форумын түнш орноор Катар улс оролцжээ. Түүнчлэн Их Британи, Франц, Итали улсууд төлөөлөгчөө илгээсэн бол бизнесийн салбарынхнаас 1200 гаруй компани Петербургийн эдийн засгийн форумд оролцох аж.
Санкт-Петербургийн Олон улсын Эдийн засгийн форум бол дэлхийн эдийн засаг, бизнесийн өвөрмөц үйл явдал мөн. Энэ форумыг 1997 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд харин 2006 оноос Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн оролцоо, ивээл дор зохион байгуулагддаг болсон юм.