"Ковид-19"-ийн гарал үүслийг сайтар судлах нэн шаардлагатай бөгөөд эс тэгвээс хүн төрөлхтөн дахин шинэ төрлийн "Ковид-26" ба "Ковид-32"-тэй нүүр тулж магадгүй тухай АНУ-ын халдварт өвчин судлалын шинжээчдийн нэг Питер Хотез анхааруулжээ.
“Энэ удаагийн цар тахал бол 21-р зууны (SARS ба MERS-ийн дараахь) гурав дахь том коронавирусийн цар тахал юм ... Байгаль эх бидэнд юу тохиолдохыг хэлж байна. Хэрэв бид "Ковид-19"-ийн гарал үүслийг бүрэн ойлгохгүй бол "Ковид-26" ба "Ковид-32" гарна" гэж шинжээч “NBC News” сувгаар ярьжээ.
Тэрээр шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн гарал үүслийг нарийн шалгах шаардлагатай бөгөөд үүний тулд халдвар анх илэрсэн Хятадын Ухань хорт руу тархвар болон вирус судлаачид, бусад мэргэжилтнүүдийг илгээх ёстойг онцолсон байна. Тэд мэдээлэл, өгөгдлүүд болон шаардлагатай сорьцыг газар дээр нь цуглуулах хэрэгтэй гэж эрдэмтэн нэмж хэлжээ. Түүнчлэн энэ асуудлаар Хятадтай хамтран ажиллахгүйгээр уг өвчний гарал үүслийн талаар мэдээлэл авахад хэцүү болохыг шинжээч тэмдэглэв. “Нэр хүндтэй тархвар болон вирус судлаачдын баг Уханьд амьтад, хүмүүс, сорьц, лабораторид саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүлэхийн тулд бид Хятад улсад хүчтэй шахалт үзүүлэх үнэхээр шаардлагатай байна хэмээн би бодож байна" гэж Хотез мэдэгджээ.
Өмнө нь Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын тагнуулын байгууллагуудад "Ковид-19"-ийн гарал үүслийг тогтоох чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, 90 хоногийн дотор тайлагнахыг үүрэг болгосон юм.