“Амазон” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос долдугаар сарын 5-нд буюу тус компаний байгуулагдсан өдөр ерөнхий захирлын албан тушаалаа орхих болжээ. Тэрбээр энэ тухайгаа Лхагва болсон компанийнх хувьцаа эзэмшигчдийн хурал дээр мэдэгдсэнийг "Bloomberg" мэдээлэв
"Энэ өдөр надад эрхэм байдаг, учир нь одоогоос 27 жилийн тэртээ, 1994 оны энэ өдөр Амазоныг үүсгэн байгуулсан тул долдугаар сарын тавны өдрийг сонгосон" хэмээн Безос хэлсэн байна.
Ерөнхий захирлын албан тушаал “Amazon Web Services”-ийг толгойлж буй Энди Жессид шилжих аж. Безос өөрөө компанийн гүйцэтгэх тэргүүлэгч болох бөгөөд шинэ төсөл, санаачлагуудад анхаарлаа хандуулах гэнэ.
Безос компанийнхаа ерөнхий захирлын албан тушаалыг энэ онд орхино гэж өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдэж байсан ч яг хэзээ гэдгээ тодруулаагүй юм. Өдгөө 57 настай тэрбээр “Амазон” компанийг 1994 онд байгуулсөн бөгөөд дэлхийн тэргүүн баячуудын нэг болжээ. Одоогоор түүний хөрөнгө 177 тэрбум орчим долларт хүрээд байна.