Тавдугаар сарын 26-ны лхагва гарагт Сар дэлхийд хамгийн ойр зайд ойртон ирж, супер сар хиртэлт болов. Одон орны эрдэмтдийн ярьж буйгаар бүтэн буюу манайхаар арван тавны сар Дэлхийд 362 мянган км зайд ойртохдоо бүтэн хиртжээ. Энэ нь манай гарагийн цорын ганц дагуултай тохиолддог одон орны ховор явдлын нэг аж.
“Бүтэн Сар дэлхийд ойртон ирж хэвийнхээсээ том харагдах явдлыг супер сар гэдэг бөгөөд энэ нь жил бүр болдог. Харин ингэхдээ бүтэн хиртэх явдал ховор тохиолддог” гэж одон орны эрдэмтэд ярьжээ.
Энэ үзэгдлийг Хойд Америкийн баруун эрэг, Номхон далай, Индонез, Австрали, Азийн зүүн эргээс ажиглах боломжтой байв.
Супер сар бүтэн хиртэхээсээ өмнө өнгөө хувиргаж улаан туяатай болж, хойд хил нь цэнхэр хүрээ татаж харагдсан нь манай дэлхийн агаар мандлаар дайран гарсан нарны гэрлийн нөлөө гэнэ. Супер сарны бүтэн хиртэлт 14 минут үргэлжилсэн байна.