АНУ-ын биотехнологийн “Moderna” компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцин 12-18 насны өсвөр үеийнхэнд аюулгүй бөгөөд 100% үр дүнтэй болох нь тогтоогджээ. Эл дүгнэлтийг судлаачид вакцины эмзүйн туршилтын 2,3 дугаар шатны үр дүнгийн дараа хийжээ. “Moderna”компани өсвөр насныханд зориулсан вакцинаа батлуулахаар АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт /FDA/ зургадугаар сард хүсэлтээ гаргахаар төлөвлөж байгаа аж.
“Манай компани туршилтын үр дүнд сэтгэл хангалуун байна. Ирэх зургадугаар сарын эхэн үеэр Хүнс, эмийн хяналтын газар тэргүүтэй бусад улс орны эмийн байгууллагад зөвшөөрөл авах хүсэлтээ гаргана” гэж “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансель мэдэгджээ.
Тус компанийн мэдээлснээр өсвөр насныханд зориулсан вакцины судалгаанд 12-17 насны 3700 гаруй хүүхдэд оролцсон бөгөөд тэдгээрийн гуравны хоёр нь вакцины хоёр тунг хийлгэж, бусад нь плацебо авсан байна. Хоёр тун хийлгэснээс хойш 14 хоногийн дараа вакцин 100% үр дүн харуулсан байна.
Энэ сарын эхээр “Pfizer-BioNTech” компанийн вакциныг АНУ, Канадад өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрснөөр ийм зөвшөөрөл авсан анхны вакцин болсон юм.