Хятадад криптовалютын майнерууд (олборлогчид) үйл ажиллагаагаа бүрэн буюу хэсэгчлэн зогсоожээ. Энэ тухай Reuters мэдээлэв. Тус улсын эрх баригчид биткойныг олборлох, арилжаалах журмыг чангатгах болсны улмаас криптовалютын зах зээл дээр эмх замбараагүй байдал үүсжээ.
Криптовалют олборлодог “BTC.TOP”, “HashCow” компаниуд тус улсад үйл ажиллагаа зогсоосон байна. “Huobi” компани ч дижитал валютын олборлолтыг түр зогсоож эх газрын Хятад дахь үйлчлүүлэгчдэд үйлчлэхгүй болсноо мэдэгджээ.
"Novem Arcae Technologies" компанийн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн захирал Чен Жиахэ "Олборлолт нь маш их эрчим хүч зарцуулдаг бөгөөд энэ нь Хятадын нүүрстөрөгчийн талаар төвийг сахих зорилготой зөрчилдөж байна" гэж мэдэгджээ. Мөн Хятадын эрх баригчид криптовалютыг дамлан худалдахыг таслан зогсоохыг зэхэж байгааг тэрбээр нэмж дурджээ.
Урьдчилан таамагласнаар Хятад майнеруудын жилийн эрчим хүчний хэрэглээ 2024 онд дээд цэгтээ буюу 297 тераватт-цаг хүрч, Итали улсын 2016 онд хэрэглэсэн эрчим хүчний үзүүлэлтээс давах юм байна.
БНХАУ-ын “Синьхуа” агентлаг биткойныг шүүмжилсэн "Дижитал валютын эргэн тойрон дахь дуулиан, эмх замбараагүй байдлыг яаралтай зогсоох" гарчигтай материал нийтэлжээ. Хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн арилжаанд оролцохгүй байхыг зөвлөсөн байна.
Бээжин криптовалютыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах боломжгүй гэж тавдугаар сард мэдэгдсэн юм. Олборлолт болон түүнд зориулсан тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд Хятад улс ихээхэн хувийг эзэлдэг аж.
5-р сарын 23-нд биткойны үнэ 13 хувиар унаж нэг криптовалтын үнэ 31 мянган долларт хүрсэн байна.