Энэ сарын 24-нд болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар Ryanair онгоцыг Минск хотод яаралтай газардуулсан явдал болон үүнтэй холбоотой хориг арга хэмжээний талаар хэлэлцэх болжээ. Энэ тухай Европын зөвлөлийн төлөөлөгч Баренд Лейтс Ням гарагт мэдэгдэв.
"Европын зөвлөлийн тэргүүлэгч “Ryanair” компанийн нисэх онгоцыг Минск хотод албадан буулгасан асуудлыг маргааш дээд хэмжээний уулзалтаар тавина. Үүний үр дагавар болон хориг арга хэмжээний талаар хэлэлцэх болно" гэж тэрбээр Твиттертээ бичжээ.
ЕХ-ны нүүр тулсан дээд хэмжээний уулзалт энэ сарын 24-25-нд Брюссель хотноо болох аж.
Өмнө нь АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хорооны тэргүүн Боб Менендес болон Их Британи, Герман, Ирланд, Латви, Литва, Польш, Чехийн парламентын гадаад харилцаа хариуцсан улс төрчид дээрх үйл явдалтай холбогдуулан хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдэлд Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх бүхий л нислэгийг хориглохыг санал болгосны дээр болсон үйл явдлыг нэн даруй шалгахыг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагад хандан уриалсан байна.
Тавдугаар сарын 23-ны өдөр Афины- Вильнюс чиглэлийн “Ryanair” онгоц Беларусийн нийслэл Минск хотын нисэх буудалд яаралтай буулт хийсэн юм. Ингэх болсон шалтгаан нь тус онгоцонд бөмбөг суурилуулсан гэх мэдээлэл байжээ. Гэвч тэрхүү мэдээлэл худал байсан байсан бөгөөд онгоц газардсаны дараа дотор нь зорчиж явсан “NEXTA” цахим сувгийг (Беларусийн эрх баригчид хэт даврагч хэмээн үздэг) үүсгэн байгуулагч, сэтгүүлч Роман Протасевичийг баривчилсан юм.