Их Британид ВВС-ийн агентлагийн Диана гүнжтэй 1995 онд хийсэн ярилцлагын нөхцөл байдлыг мөрдөн шалгасан ажлын дүн гарчээ. Мөрдөн шалгалтаар “Би-Би-Си” агентлаг сэтгүүлч Мартин Баширыг Уэльсийн гүнж Дианагаас ярилцлага авахын тулд гурван ч удаа худал ярьж байсныг мэдэж байсан мөртлөө түүний үйлдлийг "өөгшүүлсэн" болох тогтоожээ.
Мөн Дианы гүнжийг Их Британийн хааны гэр бүлийн захиалгаар мөрдөж байсан гэх "баримтыг" сэтгүүлч Мартин Башир нь банкны хуулгыг хуурамчаар үйлдэж, мөн бусад залилангийн арга ашигласан нь тогтоогдсон байна.
ВВС агентлагийн үйл ажиллагааны хувьд "тус агентлагийн таних тэмдэг болсон чанар, нэр төр, ил тод байдал нь хангалтгүй байна" хэмээн буруутгажээ.
Сэтгүүлч Мартин Башир Диана гүнжээс шууд ярилцлага авахын тулд сэжиг бүхий аргуудыг ашигласан нь олон нийтэд ил болсны дараа Их Британийн дээд шүүхийн шүүгч асан лорд Дайсон мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ. Мөрдөн шалгах ажил бүтэн зургаан сар үргэлжилсэн байна.
2020 оны арваннэгдүгээр сард Дианагийн ах Чарльз Спенсер "Daily Mail" сонинд сэтгүүлч Башир Диана гүнжийг хууран мэхлэн, сэтгэл санаагаар нь тоглон, тэр ч байтугай хуурамч баримт ашиглан байж шууд ярилцлагадаа оруулсан гэж бичжээ. Спенсер дүүгээ Баширтай өөрөө танилцуулсан бөгөөд Дианагийн араас дагаж байгааг илтгэх банкны хуулгыг сэтгүүлч түүнд үзүүлж байжээ. Тэрхүү хуулга нь хуурамч байсан бөгөөд Мэтт Уитер гэдэг график дизайнер зурсан байна. Спенсерийн хэлснээр Диана гүнж сэтгүүлч Баширт итгэснээр параной өвчтэй (бүхнийг сэжиглэж хардах сэтгэцийн эмгэг) болжээ.
1995 онд ВВС агентлагийн редакцын бодлогыг хариуцаж байсан хэвлэл мэдээллийн ажилтан Ричард Эйр сэтгүүлч Мартин Баширыг хуурамч баримт бүрдүүлэн редакцын дүрмийг зөрчсөн байх гэж Лорд Дайсонд мэдэгдсэн байна. "Баримт дээр суурилсан нэвтрүүлэг бэлтгэхдээ хуурамч зүйл ашиглах нь ноцтой гэмт хэргийг мөрдөх үед л хүлээн зөвшөөрдөг. Ингэхдээ тухайн хүний үйлдлийг шалгах явцад гэм буруутай гэдэг нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон тохиолдолд шүү дээ. Диана гүнжийн хувьд лав л ашиглах тохиолдол биш" гэж тэрбээр "The Telegraph" сонинд ярьжээ.
Диана гүнжийн гэр бүл, найз нөхөд нь тэрхүү ярилцлагыг хийгээгүй бол түүнийг өнөөдөр амьд байх байсан гэдэгт итгэдэг аж. Учир нь Диана гүнж хунтайж Чарльзын албан ёсны гэргий байхдаа торгон цэргийн ахмад Жеймс Хьюитттэй дотно харилцаанд орсон, Чарльзын мэхлэлт, сэтгэлийн хямрал, өөрийгөө гэмтээх гэсэн оролдлогын тухай болон хааны гэр бүлийн гишүүдийн сул талыг сэтгүүлч Баширт ярьсан бөгөөд үүний дараа л Хатан хаан II Элизабет хүүгээ гэрлэлтээ цуцлуулахыг зөвлөсөн байна. Ингэж Диана гүнж цол хэргэмээ алдаж, Букингемийн ордны хамгаалалтгүй болсноор нэг жилийн дараа автын осолд орж нас баржээ.
Диана гүнжийн хөвгүүд, Хунтайж Уильям, Харри нар сэтгүүлч Мартин Баширын үйлдэл болон ВВС агентлагийг 1995 онд Диана гүнжээс авсан дуулиантай ярилцлагад эрс буруушаажээ. “Ярилцлага нь миний эцэг эхийн харилцаа муудахад томоохон үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүнээс хойш олон хүнийг сэтгэл зүрхийг шархлуулсан" гэж Диана гүнж, ханхүү Чарльз нарын нарын ууган хүү Уильям мэдэгдэлдээ дурджээ. “Ээжтэй минь тэр сэтгүүлч шударга бус харилцсан, гэтэл ВВС-гийн удирдлага сэтгүүлчдээ хариуцлага тооцолгүй нүдэн балай байж чадсан" гэж тэрбээр онцолсон байна.
Хааны гэр бүлийн гишүүний үүргээсээ татгалзаж, АНУ-д амьдарч байгаа ханхүү Харри сэтгүүлчдийн иймэрхүү үйлдэл ээжийнх хувьд үхлийн үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ. "Мөлжлөгө, ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой гинжин урвал эцэст нь түүний амийг авч одсон" гэж Сассексийн бэйс хэлжээ.
Диана гүнжийн найз Симон Симмонсын “Sun”сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Диана гүнжийн араас мөрддөг, утсыг нь чагнадаг тухай Башир худлаа ярьж, энэ бүхнийг илтгэх бакны хуулгыг үзүүлсэн гэж Диана надад хэлсэн. Башир түүний сэтгэлзүйг бүрэн эвдэж, параноя өвчтэй болоход хүргэсэн. Мөн тэрбээр хатан хааны гэр бүл Дианаг устгахыг хүсэж байгаа бөгөөд ордны ажилчид, найз нөхдөдөө итгэж болохгүй гэж түүнд хэлсэн" гэж дурсжээ. "Хэрэв Баширтай яриагүй бол Диана амьд байх байсан гэдэгт би эргэлздэггүй" гэж Уэльсийн гүнжийн найз онцолсон байна.
BBC-ийн гүйцэтгэх захирал асан Тони Холл дээрх дуулиантай холбогдуулан Лондонгийн Үндэсний галлерейн даргын албан тушаалаасаа огцорчээ. Ярилцлагаас үүдсэн дуулиан нь одоогийн эрхэлж буй ажлаас нь “анхаарал сарниулах" тул цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. "25 жилийн өмнөх үйл явдалд би маш их харамсаж байна. Удирдагч байна гэдэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг гэсэн үг юм" гэж Холл хэлжээ.
BBC агентлаг сэтгүүлч Мартин Баширын үйлдлийн төлөө үзэгчдээс албан ёсоор уучлалт гуйсан бол Башир өнгөрсөн долоо хоногт тус агентлагаас эрүүл мэндийн шалтгаанаар гарсан байна.