Америкийн Хятад гаралтай иргэдийг хамгаалдаг олон нийтийн байгууллага АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг шинэ төрлийн коронавирусийг "Хятадын вирус" гэж нэрлэснийх нь төлөө шүүхэд өгчээ. Энэ тухай Пүрэв гарагт TMZ мэдээлснийг ТАСС уламжлав.
Тус сайтын сэтгүүлчдийн мэдэлд Хятад Америкчуудын Иргэний Эрхийн Эвслийн (CACRC) нэрийн өмнөөс зарга үүсгэсэн нэхэмжлэл иржээ. Нэхэмжлэгчид АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг сэтгэл санааны хохирол учруулсан хэмээн буруутгаад, Covid-19-ийг удаа дараа "Хятадын вирус", "Ухань вирус" гэж вирус анх илэрсэн орныг онцгойлж байсных нь төлөө хариуцлагад татахыг шаарджээ.
Нэхэмжлэгч талын үзэж байгаагаар, Трамп ийм хандлага АНУ дахь Азийн орнуудаас гаралтай хүмүүсийн эсрэг халдлага, хүчирхийлэл нэмэгдэх болсонд нөлөөлсөн аж. Тус байгууллага шүүхэд хандан, АНУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч буй Азийн орнуудаас гаралтай хүн бүрт 1 ам.доллар буюу нийтдээ 22,9 сая ам.долларын нөхөн төлбөр төлүүлэхийг шаардаж байгаа юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан 2019 оны сүүлээр Хятадад илэрч улмаар дэлхий даяар тархсан шинэ төрлийн коронавирусийг "Хятадын вирус" гэж нэрлэвэл зохилтой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байсан юм.