Хилийн чанадад ажиллаж байсан Америкийн 130 гаруй дипломат ажилтнууд болон цэргийн албан хаагчид тархины учир битүүлэг эмгэтэй болсон тухай “NewYork Times” сонин эх сурвалжуудыг дурдан мэдээлэв.
Эхэндээ Хятад, Кубад ажиллаж байсан мэргэжилтнүүдийн эрүүл мэндэд асуудал гарсан 60 тохиолдол бүртгэгджээ. Харин одоо Европ, Азид ажиллаж байгаа дипломатуудад зовуур илрэх болсон байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дотоодод ч ийм тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь гадаадад ажиллаж байсны үр дагавар байж болзошгүй гэнэ. Сонинд бичсэнээр тархины дээрх тархины эмгэг нь толгой өвдөхөөс авахуулаад амиа хорлох бодол хүртэл төрдөг аж.
Үүнтэй ижил төстэй тохиолдлууд ойролцоогоор таван жилийн өмнө гарч байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын засаг захиргаа эдгээр хэргийн шалтгааныг шалгах ажилд Батлан хамгаалах яамны оролцоог нэмэгдүүлэхийг хичээсэн авч “New York Times” сонины мэдээлснээр эрүүл мэндийн мэдээллийн нууцыг хамгаалах холбооны хуулиас болж шаардлагатай мэдээллийг авах боломжийг хязгаарласан байна.
Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа холбогдох байгууллагуудад дээрх мэргэжилтнүүдэд илэрсэн тархины гэмтлийн шалтгааныг тогтоох, гэмтсэн ажилтнуудад үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах ажлыг зохицуулах албан тушаалтнуудыг томилохыг уриалжээ.
АНУ-ын ТТГ –т эл хэрэгийн талаар мэдээлэл цуглуулдаг тусгай алба байгуулсан байна. Тус газрын дэд захирал Дэвид Коэн шалтгааныг мөрдөн шалгах ажлыг хариуцан ажиллах аж. Тэрбээр үл мэдэгдэх өвчнөөр өвдсөн ажилтнуудтай сар бүр уулзаж, Конгрессын гишүүдэд тогтмол мэдээллийг танилцуулж байх аж.
Өмнө нь CNN суваг АНУ-ын эрх баригчид тус улсад гарсан ижил төстэй хоёр хэргийг шалгаж байгаа бөгөөд энэ нь хилийн чанадад ажиллаж байсан тус улсын мэргэжилтнүүдийн эсрэг "чиглэсэн эрчим хүч" технологийг ашигласан халдлагатай төстэй байж болзошгүй гэж эх сурвалжаас иш татан мэдээлэлж байсан. АНУ-д болсон эдгээр халдлагуудын нэг нь 2020 оны 11-р сард Цагаан ордны ойролцоо болсон гэж таамаглаж байгаа аж.Дараа нь 2019 онд бас нэг хэрэг гарсан нь Цагаан ордны ажилтан нохойгоо салхилуулж зугаалж яваад төстэй халдлагад өртсөн гэж ярьжээ.
АНУ-д нутаг дэвсгэрт бүртгэгдсэн тохиолдол хилийн чанадад гарсан хэрэг хоорондоо холбоотой эсэх нь тодорхойгүй байна гэж эх сурвалжууд мэдээлэв. CNN сувгийн мэдээлснээр бол дээр тохиолдлууд 2016, 2017 онуудад Кубд ажиллаж байсан 2018 онд Хятад дахь АНУ-ын дипломат ажилтнуудад илэрсэн “Гаванын хам шинж” гэгч эмгэгтэй төстэй аж. Дипломат ажилтнууд ямар нэг дуу чимээний нөлөөнд өртөж, улмаар эрүүл мэндэд нь сөрөг үр дагавар удаан хугацаагаар үргэлжилсэн байна.
АНУ-ын Төрийн департамент яг юунаас болж дээрх хам шинж үүсгэсэн талаар тодорхой дүгнэлт хүрээгүй байна. Үе үе Америкийн хэвлэлүүдэд Оросыг "акустик халдлага" зохион байгуулсан гэх мэдээллүүд гардаг бөгөөд ОХУ-ын ГХЯ эдгээр мэдэгдлийг "утгагүй зөгнөл" гэж эсэргүүцсэн байна.