Газын зурвас дахь Израиль, Палестины “ХАМАС” бүлгийн хооронд гал зогсоох тохиролцоо Баасангарагт /2021.05.21/ орон нутгийн цагаар 02:00 цагаас хэрэгжиж эхлэв .
“Аl-Аqsа” сувгийн мэдээлснээр Газын зурваст Палестины бүлгүүд "Сейф аль-Кудс" ("Иерусалимын сэлэм") гэж нэрлэсэн тулалдаанд ялснаа идэвхтэй тэмдэглэж байгаа аж. Олон зуун хүн гудамжинд гарч Палестины туг далбааг намируулан, тэнгэрт салют буудуулжээ.
11 хоногийн турш харилцан пуужингийн цохилт өгсний эцэст Египетийн идэвхтэй зуучлалтайгаар гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Пүрэв гарагийн орой Израилийн засгийн газар цэрэг-улс төрийн нарийн хүрээнд хуралдан гал зогсоох шийдвэрт хүрчээ. “ХАМАС” бүлгийнхэн Каирын зуучлалтайгаар гал зогсоохыг зөвшөөрсөн байна. Египетийн төлөөлөгчид тохироцооны хэрэгжилтэд хяналт тавихаас гадна нөхцөл байдлын тогтвортой байдлыг байнга хадгалах арга хэмжээний талаар тохиролцох үүрэг хүлээж байгаа аж.
Үүний зэрэгцээ мөргөлдөөнд оролцогч талууд сүүлчийн мөч хүртэл хоорондоо харилцан пуужингийн цохилт өгсөөр байв. Гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болохоос 12 минутын өмнө Палестины талаас шинэ пуужингийн цохилт хийснийг Израилийн арми мэдээгджээ.
Израил-Палестины мөргөлдөөн тавдугаар сарын эхээр Зүүн Иерусалим хотод дэгдсэн эмх замбараагүй байдлаас үүдэн хурцдаж эхэлсэн юм. Тус хотын Шейх-Жарах хорооллын байшингуудыг тэнд амьдардаг араб гэр бүлүүдээс хураан авах Израилын шүүхийн шийдвэрийг палестинчууд эсргүүцэн Изралийн цагдаа нартай мөргөлджээ. Үүний дараа удалгүй хоёр тал харилцан пужингийн цохилт эхэлсэн юм.
Энэ хугацаанд Израил руу 4 мянга гаруй пуужин харвасан бол Газын зурвасын хэдэн зуун обьект Израилын цохилтод өртсөн байна. Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, мөргөлдөөний үеэр амиа алдсан палестинчуудын тоо 232-т хүрч, 1900 хүн шархаджээ. Баруун эргийг оруулаад Палестины нутаг дэвсгэрт нийтдээ 260 хүн амиа алдсан байна. Израилын талаас 12 хүн амь үрэгджээ.
Газын зурваст энэ хугацаанд 1800 орчим орон сууц бүрэн сүйтгэгдэж, 16800 барилга хэсэгчлэн эвдэрчээ. Газын зурвасын төвд орших таван орон сууцны өндөр байшин бүрэн нурж, нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн байгууллагын 74 барилга сүйдсэн байна. Орон сууц, дэд бүтцийг сэргээхэд дор хаяж 350 сая доллар шаардагдах аж.