ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Исландын нийслэл Рейкьявикт болж буй Арктикий зөвлөлийн хуралдааны үеэр өчигдөр /2021.05.19/уулзлаа. Энэ нь тэдний анхны нүүр тулсан уулзалт юм.Хоёр улсын гадаад бодлогын сайд нар тус тусын зорилго, хүлээлтийн талаар мэдэгдэл хийв. Чухамхүү энэ уулзалтын үеэр Путин,Байден нарын зургадугаар сард хийх хоёр талт хэлэлцээрийн шийдвэр гарна гэж үзэж байгаа юм. Уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн бөгөөд энэ үеэр сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон дипломат ажиллагаанын талаар ярилцжээ.
Хоёр улсын харилцааны талаар
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Блинкентэй хоёр талын харилцааг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцахаар төлөвлөж байгаагаа хэллээ. "Магадгүй бидний үүрэг бол ерөнхийлөгч нарынхаа хоорондох утасны яриаг цааш нь хөгжүүлэх явцад харилцаагаа хэрхэн үргэлжлүүлэхээ тодорхойлох явдал юм. <...> Бидний байр суурь маш энгийн: бид бүх асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна. Гагцхүү хэлэлцүүлэг нь шударга, баримтуудтай, мэдээж харилцан хүндэтгэсэн үндсэн дээр явагдах болно гэсэн ойлголттой "гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, эргээд ОХУ, АНУ-ын хооронд тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц харилцаа нь хоёр орны ард түмэн болон дэлхийн хэмжээнд үр өгөөжтэй байх болно гэж тэмдэглэжээ. "Бид Оростой урьдчилан таамаглаж болохуйц, тогтвортой харилцаатай байхыг эрмэлздэг. Энэ нь манай ард түмэнд, Оросын ард түмэнд бас бүх дэлхийд сайн нөлөөтэй хэмээн бид бодож байна" гэж тэрбээр хэлжээ.
Санал зөрөлдөөний талаар
"Бид олон улсын нөхцөл байдлыг дүгнэхдээ ноцтой санал зөрж байгаа. Тэдгээр нөхцөлийг хэвийн болгохын тулд шийдвэрлэх шаардлагатай ажлуудад хандах хандлагын талаар ч бид ноцтой санал зөрж байна" гэж Лавров хэллээ.
АНУ нь үндэсний ашиг сонирхлоо хамгаалахын тулд Оросын эсрэг арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байгаа ч Вашингтон Москватай хурцадмал байдлыг улам ихэсгэх зорилгоо хэрэгжүүлээгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга онцоллоо.
"Бидний хооронд санал зөрөлдөөн байгаа нь нууц биш. Эдгээр зөрчилтэй асуудлын талаар Ерөнхийлөгч Байден ерөнхийлөгч Байденд хэлсэнчлэн Орос улс бидний болон манай түншүүдийн эсрэг түрэмгийлэл хийсэн тохиолдолд бид хариу үйлдэл үзүүлэх болно. Ерөнхийлөгч Байден үүнийг үг, үйлдлээрээ харуулсан. Мөргөлдөөнийг бий болгоход бус харин бидний ашиг сонирхлыг хамгаалахын тулд "гэж Блинкен хэлжээ.
Үүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Орос, Украины хил дээрх нөхцөл байдалд Вашингтон түгшиж байгаа талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайдад мэдэгджээ.
Хамтын ажиллагааны талаар
"Хоёр удаа утсаар ярьсан манай ерөнхийлөгч нарын хоорондын харилцааг, миний ойлголтоор, бидний ашиг сонирхол давхцан нийлж, “ижил үзэл бодолтой”, “ижил зорилготой” байгаа мөн эерэг үр дүн олж болох асуудлаар хамтарч ажиллах нь зүйтэй гэж бодож байна. Сөргөлдөөнтөй нөхцөл байдал ч байсан тэр. Гэхдээ хамгийн чухал нь стратегийн тогтвортой байдлын асуудлууд дээр" гэж Оросын ГХЯ-ны тэргүүн хэлэв.
"Солонгосын хойг, Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдал, Афганистан бол манай төлөөлөгчид аль хэдийн идэвхтэй харилцаж байгаа сэдэв юм" гэж Лавров нэмж хэлсэн байна.
"COVID-19 ба цартахлын эсрэг тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт, Иран, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй мөн Афганистантай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх дээр бидний ашиг сонирхол давхцаж байгаа олон талбар бий"гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.
"Бидний бодлоор ОХУ, АНУ-ын удирдагчид хамтын ажиллагааны сэтгэл санааны үүднээс хамтран ажиллаж чадвал манай ард түмэн, дэлхий ертөнц илүү аюулгүй байх боломжтой. Бид үүнийг л хичээж байна" гэж Блинкен хэлсэн байна.
Дипломат ажиллагааны талаар
Оросын гадаад бодлогын газрын дарга мөн АНУ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагаатай холбоотой АНУ-ын өмнөх засаг захиргаанаас өвлөж авсан "нурангийг цэвэрлэхэд" Орос улс бэлэн байгаагаа мэдэгдэв. "Бид ОХУ дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газар, АНУ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны хувьд АНУ-ын өмнөх засаг захиргаанаас өвлөж авсан нурангийг цэвэрлэхэд бэлэн байх болно. <...> Хэрэв бид дипломат ажилчды үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцлийг хангаж өгөхгүй бол хэлэлцэн ярилцах, хоорондын харилцааны гүүрийг баридаг дипломат ажиллагааны утга учрыг алдагдуулна"гэж Лавров онцлов.
Үүнээс гадна, С.Лавров, Э.Блинкен нар хоёр орны өргөжүүлж болох хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ярилцаж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов. Мөн Сирийн хямралын эргэн тойрон дахь нөхцөл байдал, Армени, Азербайжаны зөрчлийг зохицуулах талаар хэлэлцсэн байна.