БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Умард Солонгосын залуучууд дунд гадаад төрхөөрөө ялгарч хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх нь эцэстээ тус улсын тогтсон дэглэмийг унагахад хүргэж болзошгүй хэмээн болгоомжилж байна. Үүнтэй холбогдуулан төрийн тэргүүн хэд хэдэн арга хэмжээ авсан тухай “Daily Mirror” мэдээлэв.
Тухайлбал, бие барьсан нарийхан болон урагдсан жийнсийг хууль бус зүйлийн тоонд оруулан хоригложээ. Хэт марзан "социалист бус" үс засалтыг одоогийн нийгмийн дэг журамд заналхийлэх шинж тэмдэг гэж үзэх болж иргэдэд үсний засалтын зөвшөөрсөн хязгаарлагдмал жагсаалтыг танилцуулсан байна. Мөн барууны загвар дагадаг хүмүүсийг хөдөлмөрийн лагерьт илгээх зарлиг гаргажээ.
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хэвлэл “Нодон синмун” сонин Ким Жон Ун удирдагчийн хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих уриалга гаргажээ. Тус сонины сэтгүүлчид капиталист амьдралын хэв маяг нь улс орныг сүйрүүлж болзошгүйг анхааруулсан байна. "Хэрэв бид өөрсдийн амьдралын хэв маягийг дагаж мөрдөхгүй бол эдийн засаг, батлан хамгаалах хүчнээс үл хамааран улс орон эмзэг болж, эцэст нь нойтон хана шиг нурж унана гэсэн чухал сургамжийг түүх бидэнд зааж байна. Бид капиталист амьдралын хэв маягийн өчүүхэн шинж тэмдгээс болгоомжилж, түүнээс салахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй” гэж Умард Солонгосын сониноос “Daily Mirror” иш татжээ.