Ажлын долоо хоногт 55 ба түүнээс дээш цаг ажиллах нь тархинд цус харвах эрсдэл 35 хувиар, зүрхний титэм судасны өвчнөөр нас барах эрсдэл 17 хувиар өсөхөд хүрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) Даваа гарагт хийсэн илтгэлд дурджээ.
Уг тайланд бичсэнээр бол 2016 онд "долоо хоногт дор хаяж 55 цаг ажилласнаас” болж 347 мянган хүн зүрх судасны өвчнөөр, 398 хүн цус харваж нас баржээ. 2000-2016 онуудад хэт их ажилласнаас үүдэлтэй цус харвалтын улмаас нас баралт 19 хувь, зүрхний өвчний нас баралт 42 хувь өссөн байна. Илүү цагаар ажиллах нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд илүү нөлөөлдөг бөгөөд энэ нь нийт нас баралтын 72% -ийг эзэлж байна. Үүний зэрэгцээ, хэт их хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж, дэлхийн хүн амын 9 хувийг эзлэх болжээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адан Гебрейесус “Ямар ч ажил таны эрүүл мэндийг эрсдэлд оруулах үнэ цэнд хүрэхгүй" гэж тус илтгэлтэй холбогдуулан хэлжээ. Тэрбээр COVID-19-ийн цар тахлын улмаас олон хүний ажил хөдөлмөрийн хэв маягийг эрс өөрчлөгдсөн бөгөөд зайнаас ажил хийх нь "аж үйлдвэр олон салбарт хэвийн үзэгдэл болсноор гэр, ажлын хоорондох зааг бүдгэрч байгааг" онцолжээ.Үүнээс гадна олон компани, аж ахуйн нэгж үйл ажиллагааныхаа цар хүрээг багасгаж, мөнгөө хэмнэх арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Энэ нь "ажлын байраа хадгалж, цалингаа аван байгаа хүмүүс өмнөхөөсөө илүү олон цагаар ажиллахад” хүрчээ. "Засгийн газар, ажил олгогч, ажилчид боловсон хүчнийхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд ажлын цагийн хязгаарыг хамтран тохиролцох хэрэгтэй" гэж Гебрейесус тэмдэглэжээ.
Үүнтэй холбогдуулан ДЭМБ улс орнуудад уртасгасан цагаар ажиллахыг хориглосон хууль батлахыг дэмжижээ. Ажил олгогчид болон үйлдвэрчний эвлэлүүд ажлын цагийг хязгаарлахын зэрэгцээ уян хатан цагийн хуваарийг тохиролцож болно гэж тус байгууллага үзэж байгаа аж.