II Елизаветагийн ач хүү Харри хатан хааны гэр бүлдээ сэтгэл дундуур байгаа бол хунтайж болон түүний гэргий Меган Маркл нар Суссексийн гүн, гүнгийн авхай цол хэргэмээсээ татгалзах ёстой гэж Букингемийн ордны албан ёсны зөвлөхүүд саналаа илэрхийлжээ. Энэ тухай “The Times” сонин мэдээлэв.
Хунтайж Харри эрх баригч ордон болон өөрийн эцэг Их Британийн хаан ширээг залгамжлагч Уэльсийн хунтайж Чарльзийн талаар шүүмжлэлтэй үг хэлсний дараа Букингемийн ордны зөвлөхүүд дээрх мэдэгдлийг хийжээ. Сонинд бичсэнээр Харри өөрийн хүүхэд насны зовлонг эцгийнхээ хааны ордонд хэрхэн хүмүүжсэнтэй холбосон байна.
"Тэрбээр [Чарльз] өөртэй нь яаж харьцаж байсан яаг тэгж надтай харьцдаг байсан. Ямар ч тохиолдолд маш их шаналал, сэтгэлийн зовлон удам дамжин ирдэг . Энэ тойргийг эвдэхэд л амьдралын утга учир оршдоггүй гэж үү? Үүнд ямар ч буруу байхгүй" гэж сонин хунтайжийн үгийг иш татжээ. Ханхүү өөрт тохиолдсон зүйлийг үр удамдаа дамжуулахгүйн тулд "энэ мөчлөгийг таслах" гэж байгаагаа тэмдэглэсэн байна.
"Суссексийн гүн өөрийгөө бусдаас ялгарах зүйлгүй гэдгээ онцолсоор их хугацаа зарцуулж, өөрийнх нь хэлснээр түүнд маш их шаналал зовлон авчирсан байгууллага руу дайрч давшиллаа. Энэ байгууллага танд тийм их таалагдахгүй байгаа бол цол хэргэмээсээ татгалзах хэрэгтэй" гэж Букингемийн ордны эх сурвалж мэдэгджээ.
Гэхдээ энэ удаа ч Хатан хаан эсвэл ордонд нөлөө бүхий хэн нэгэн хосуудад Сусексийн гүн, гүнгийн авхай цол хэргэм хэрэглэхэд нь ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхийг хүсэхгүй байгааг “The Times” онцолжээ.
Хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар жил гаруйн өмнө хааны гэр бүлийн ахлах гишүүд үүргээсээ татгалзаж, санхүүгийн хараат бус байдлыг эрэлхийлж байгаагаа мэдэгдсэн. Өөрчлөлт 2020 оны 3-р сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнээс хойш хосууд II Елизавета-г албан ёсоор төлөөлөх бусад ёслолын үүргийг гүйцэтгэх, Эрхэм дээдэс гэдгээ ашиглахаа больсон юм.
Хунтайж болон түүний гэргий амьдралаа ийнхүү эрс өөрчлөхөөр шийдсэн шалтгаан нь одоо болтол бүрэн тодорхойгүй байна. Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар янз бүрийн олон таамаглал дэвшүүлж байсан бөгөөд зарим нь хосууд эл алхмыг шар хэвлэлийн хэт анхаарлаас залхсантай холбон тайлбарлаж байсан бол бусад нь хааны гэр бүл хоорондын үл ойлголцол, тэр дундаа Харри, түүний ах Уильям нарын хоорондох маргаан зэргийг тэмдэглэсэн байдаг.