Японд коронавирусийн халдварын тохиолдол улам бүр нэмэгдэж байгаа учир тус улсын иргэдийн бараг 60 хувь нь энэ жилийн Токиогийн Олимпийн наадмыг цуцлах ёстой гэж үзжээ. Үүнийг “Kyodo” агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ
Өнгөрсөн Бямба гаргаас эхлэн хоёр өдрийн турш орон даяар утсаар явуулсан санал асуулгаар Япончуудын 25.2% нь наадмыг үзэгчидгүй, 12.6% нь спортын тоглолтуудыг хязгаарлагдмал үзэгчидтэй явуулахыг ёстой гэсэн бодолтой байгааг тогтоосон байна.
Судалгааны дүн нь гадаадын үзэгчидгүйгээр явагдах нь тодорхой болсон спортын эл наадмыг зохион байгуулах хэрэгтэй эсэхэд нийгмийн эргэлзээ улам бүр нэмэгдсэнийг харуулж байгааг тус сонин онцолжээ.
Токиогийн олимп 2020 оны 7-р сарын 24-өөс 8-р сарын 9-ний хооронд болох ёстой байсан ч цартахлын улмаас тэмцээнийг нэг жилээр хойшлуулж, 2021 оны 7-р сарын 23-аас 8-р сарын 8-ны хооронд товлосон юм.
Гуравдугаар сарын 20-нд зохион байгуулагчид халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа боловч санал асуулгад оролцогчдын 87.7 хувь нь гадаадын тамирчид, тэднийг дагалдан ирэх хүмүүс халдвар тарааж болзошгүй гэдэгт санаа зовниж байгаа аж.
Япон улсад халдварын дөрөв дэх давлагаа дэгдээд байгаа бөгөөд илүү хурдан халдварладаг хувилбарууд тархаад байгаа аж Одоогоор Токио нь “COVID-19”-ийн улмаас тавдугаар сарын 31 хүртэл онцгой байдал тогтоосон есөн мужийн тоонд багтаж байна. Өнгөрсөн Ням гарагт нэмж зургаан мужид онц байдал тогтоожээ.
Спортын тоглолтод Японы үзэгчдийг оруулах эсэх шийдвэрийг коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан зургадугаар сард гаргахаар болжээ.