Олон улсын сэтгүүлчдийн холбоо (ОУСХ) НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд хандан Газын зурваст ажиллаж буй сэтгүүлчид рүү халдаж байгааг зогсооход яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ.
Тус байгууллагын мэдээлснээр Газын зурваст 30 гаруй сэтгүүлч саатуулан баривчлагдаж эсвэл халдлагад өртсөн байна.
" ОУХБ тус халдлагатай холбогдуулан Израилийн эрх баригчид, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Аюулгүй байдлын зөвлөлийн бүх гишүүдэд хандан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эсрэг санаатайгаар байнга халдан, Газын зурваст болж буй үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж байгаа хүмүүсийн амыг хаах гэсэн илт оролдлогыг таслан зогсоохыг шаардсан захидал илгээлээ” гэж мэдэгдэлдээ дурджээ.
Сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Беллангер хэлэхдээ “Израиль олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж байна” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг чиглэсэн "хэрцгий дайралтыг" зогсоохыг шаарджээ.
Тавдугаар сарын 14-нд Израилийн агаарын хүчин Газын зурвас дахь “Al Jazeera”, “Associated Press” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын байрладаг 15 давхар байшинг пуужингийн цохилтоор устгасан юм. Агаарын цохилт өгөхийнхөө өмнө Израиль улс тус барилга доторх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх анхааруулга өгчээ. Тус барилга дотор Исламын хэт даврагч Хамас бүлэг үйл ажиллагаа явуулдаг гэж Израилийн цэргийнхэн үзэн цохилт өгсөн байна.