АНУ-ын Хойд Каролин, Виржин, Жоржиа, Флорида мужуудад шатахууны хомстол орж болзошгүйн улмаас тус бүс нутагт онцгой байдлын дэглэмийг тогтоожээ. Colonial Pipeline компанийн шатахууд дамжуулах хоолойн системийн эсрэг цахим халдлага гарсны дараа иргэд асар ихээр бензин худалдаж авч эхэлжээ. CNN агентлагийн мэдээлж буйгаар шатахууны эрэлт 40,1 хувиар өссөн байна. Тус улсын мянга гаруй шатахуун түгээх станц ажиллахгүй байгаа аж.
Хэрэглэгчийн мэдээллийн дагуу бензин шатахуун түгээх станцын хангамжийн байдлыг бүртгэдэг “GasBuddy” компанийн мэдээлснээр Жеоржиа мужийн шатахуун түгээх станцын 43%, Хойд Каролинад - 65%, Өмнөд Каролинад - 43%, Виржиниад- 44% нь ажиллахгүй байна. Зүүн өмнөд хэсгийн бусад мужуудад байдал одоогоор арай дээр байна. Вашингтонд шатахуун түгээх станцын 10 орчим хувь нь бензингүй болжээ. Шатахууны тасалдал Алабам, Кентакки, Мэриленд, Миссисипи, Теннесси мужуудад гарсан байна.
АНУ-ын Зүүн эрэгт шатахууны нэлээд хувийг Техасаас нийлүүлдэг “Colonial Pipeline” компанийн мэдэгдсэнээр өнгөрсөн Баасан гарагт /2021.05.08/ хакерууд ransomware вирус ашиглан тус компанийн системд халджээ. Ransomware вирус нь компьютерын системд нэвтрэн, үтүгйл ажиллагааг нь түр хугацаагаар хааж, халдлагад өртсөн байгууллага “ransomware”-ийн шаардсан мөнгийг төлөх хүртэл нууц код хийн түгждэг аж.
Colonial Pipeline компани эл халдлагын улмаас үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Компанийн удирдлагын мэдэгдсэнээр системийн үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээгээд байгаа бөгөөд энэ долоо хоногийн эцэс гэхэд хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж тооцож байна.
Эл цахим халдлагын ард Оросын хэсэг хакерууд болон тэдний DarkSide нийгэмлэг байгаа гэж CNN мэдэгдсэн юм. Эл хакерын бүлэглэл нь төрийн байгууллагууд руу халддаггүй гэдгээрээ алдартай бөгөөд их хэмжээний мөнг төлж чадах томоохон компаниуд руу дайрдаг аж.