Казань хотын дунд сургуульд гарсан халдлагын улмаас амиа алдсан хүний тоо ес болж нэмэгджээ. Энэ тухай Татарстаны Ерөнхийлөгч Рустам гэж Минниханов өнөөдөр үдээс хойш мэдэгдэв.
"Бид долоон хүүхдээ алдсан. Тэд наймдугаар ангийн хүүхдүүд байв. Дөрвөн хүү, гурван охин. Мөн нэг багш амиа алдсан. Саяхан бас нэг эмэгтэй нас барлаа. Нийтдээ есөн хүн амиа алдав" гэж тэрээр хэлжээ. Үүнээс гадна одоогоор 18 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. "Харамсалтай нь сумны шархтай хүүхдүүд байна. Мөн хөл гар нь хугарсан, өөр гэмтэл авсан хүмүүс ч байна. Эмч нар хүүхдүүдийн маань амь насыг аврахын тулд бүх зүйлийг хийж байна" гэж Минниханов нэмж дурдав.
Өнөөдөр буюу Мягмар гарагт /2021.05.11/ Татарстаны нийслэл Казань хотын 175 дугаар дунд сургуульд зэвсэгт халдлага гарчээ. Гэмт этгээд сургууль руу орж гал нээсний дараа тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Татарстаны ХМТ-ны өгсөн мэдээллээр халдлагыг өмнө нь тус сургуульд сурч байсан 19 настай залуу үйлджээ. Гэмт хэргийн сэдэл одоогоор тодорхойгүй байна.