Даваа гарагт Израилийн цагдаа нартай мөргөлдөний улмаас 400 орчим палестин иргэд шархаджээ. Энэ тухай Иерусалим дахь Улаан хавирган сар мэдээлэв.
“Өнөөдөр Аль-Акса сүмийн гадаа Израилийн цагдаа нартай мөргөлдсөний улмаас 395 Палестин иргэн шархадлаа. Шархадсан 263 хүнийг Иерусалим хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд долоон хүний биеийн байдал хүнд байна" гэж мэдэгдэлд дурджээ.
Зүүн Иерусалимд Израилийн цагдаа нар болон палестинчуудын хоорондох мөргөлдөөн хэдэн өдөр үргэлжилж байгаа юм.Эмх замбараагүй байдал хотын дорнод хэсгийн Шейх Жаррах дүүрэг дэх хэд хэдэн Палестины гэр бүлийг гэрээс нь нүүлгэснээс үүдэн гарчээ. Нөхцөл байдал тавдугаар сарын 10-ны Даваа гарагт буюу Иерусалимын өдөр хүндэрсэн байна.
Иерусалимын өдөр гэдэг нь 1967 оны Зургаан өдрийн дайны дараа Ариун хотын түүхэн хэсэг Израилийн хяналтад орсныг тэмдэглэдэг үндэсний баяр аж. Энэ өдөр Иерусалимд туг далбаатай жагсаал болон бусад баярын арга хэмжээнүүд болдог. Энэ жилийн Иерусалимын өдрөөр мөргөлдөөн үүсгэхгүйн тулд цагдаагийнхан еврейчүүдийг Ариун сүм ууланд гаргаагүй байна.
Газын зурвасаас долоон пуужин хөөргөснөөр Иерусалим, Бейт Шемеш зэрэг хотуудад дуут дохио ажиллаж, нэгийг нь Пуужингийн довтолгооноос хамгаалах систем устгасан талаар Израилийн арми мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан барын өдрийн жагсаал дууссан байна. Үүний дараа тус улсын өмнөд хэсэгт Ашкелон, Сдерот болон Газын зурвастай зэргэлдээ газруудад түгшүүрийн дохио ажиллажээ. Өмнө нь “ХАМАС”-ын цэргийн "Аль-Кассамын бригад" жигүүрийн төлөөлөгч Абу Обайда 18.00 цаг хүртэл Израйль улс цэргүүдээ Зүүн Иерусалим дахь Аль-Акса сүм ба Шейх Жаррахын нутгаас татахад хугацаа байна гэж мэдэгджээ.