Аугаа Эх орны дайнд ялсны 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал Москва хотын Улаан талбайд өчигдөр болж өнгөрлөө. Энэ жилийн 5-р сарын 9-ний он өдрийг хорио цээрийн хязгаарлалтгүйгээр зохион байгууллаа. Улаан талбайд болсон жагсаалд 37 анги нэгтгэлийн 12 мянга гаруй хүн, 190 гаруй техник хэрэгсэл, түүнчлэн түүхэн техник, 76 онгоц оролцжээ. Цэргийн алба хаагчид амны хаалтгүй жагсав. Ялалтын 76 жилийн ойн үйл ажиллагаанд Москва хот 855,4 сая рубль зарцуулсан тухай “Опен Медиа” мэдээллийн сайт онцолжээ.
Гол зардал жагсаал болох өдөр Москвагийн цаг уурын зохицуулалтад зориулагдсан бөгөөд үүнд 417.4 сая рубль төсөвлөжээ. Эл үүргийг өмнөх жилүүдийн адил “Агаар мандлын технологийн” агентлаг үүрсэн байна. "Үүлгүй цэлмэг тэнгэрийг хангахад тодорхой цаг агаарын нөхцөл (хамгийн энгийн) шаардагдаг тул энэ нь боломжгүй юм” гэж тус агентлагийн Ерөнхий захирлын орлогч Василий Мартанов 2017 онд үргэлжлэн орсон борооны улмаас Улаан талбай дээгүүр нисэх онгоцны жагсаалыг цуцлах болсоныг тайлбарласан байдаг. Энэ жил цэлмэг тэнгэр байгаагүй ч ямар ч байсан бороо орсонгүй.
157.2 сая рублийг Батланхамгаалах яам жагсаалын техникийн дэмжлэгт зарцуулжээ. Энэ мөнгөний дийлэнх хэсгийг цэргийн албан хаагчдын тээвэрлэлтийг зохион байгуулахад зарцуулсан байна. Зардлын нэгээхэн хэсгийн Улаан талбай, Васильевскийн талбайн чимэглэл, мөн 5-р сарын 9-ний ёслолын буудлагад зориулжээ.
Ерөнхийлөгчийн засаг захиргаа чимэглэл, пиротехникийн хэрэгсэлд 61.9 сая рубль зарцуулжээ. Нийтдээ тус хэлтэс 139.9 сая рублийн гэрээ байгуулсан бөгөөд үүний 15.4 сая нь ерөнхийлөгчийн баярын дугтуйнд, ахмад дайчдад зориулж 25.1 сая рублийг тус тус зарцуулсан аж.
Бэлэг дурсгалын зүйлд (Ялалтын 76 жилийн ойн тэмдэг, эблемтай борооны цув, дайны үеийн тээврийн хэрэгслийн загварууд) 51,8 сая рубль, Москва хотын баярын чимэглэл, олон нийтийн арга хэмжээнд 53.2 сая рубль тус тус төсөвлөжээ. Мөн Москва хотын Нийгмийн хамгааллын газраас тус хотын ахмад дайчдад зориулсан баярын багцад 9.2 сая рубль хуваарилжээ.