Хүн амынхаа дийлэнх хувийг вакцинд хамруулаагүй орнуудад COVID-19-ийн тархалт тогтвортой урт хугацаанд үргэлжлэх асар том эрсдэл нүүрлэж байна . Хүн амын дунд тархалт хэдий чинээ удаан үргэлжлэнэ төдий чинээ вирус мутацид орох магадал ихэснэ. Ингэснээр шинэ коронавирус - SARS-CoV-2 -н илүү халдвартай хувилбарууд үржих шим хөрс бий болно. Вакцинжуулагдаагүй хүн амын дунд мутацид орсон вирус тархаж улмаар вакцинжуулагдсан хэсэгтээ шинэ халдвар тараах боломжийг нээж өгнө. Вирусийн генетикийн кодод гарсан өөрчлөлтөөс болж вакцинууд мутацид орсон хувилбаруудаас хамгаалах боломжгүй болох эрсдэл нэмэгдэнэ. Вакцин нь вирусийн уургийн бүтцийг таньж дархлааны хариу урвал үүсгэж эсрэг биетүүд бий болгох зорилготой бүтээгдсэн байдаг. Харин мутацийн өөрчлөлтийн дүнд аюул танигдахгүй болохыг дайны үед дайсны цэргүүд дүрэмт хувцсаа сольж танигдахгүй болохтой зүйрлэж болно . Мөн түүнчилэн өвчлөөд эдгэрсэн хүмүүст үүсэх дархлаа анхны вирусийн эсрэг л бий болдог тул шинэ мутацийн эсрэг үйчлэхгүй байх магадал өндөр байна. Өмнөх халдвараас үүссэн эсрэг биетүүдийн хувьд вирусийн өөрчлөгдсөн бүтцийг танихад бэрхшээлтэй болно. Тиймээс мутацид орсон вирус нь вакцин хийлгэсэн хүмүүст ч дахин халдвар тархаах боломжтой юм. Энэ нь хүн бүр өвчлөх эрсдэлтэй хэвээр байна гэсэн үг юм. Хүн амын ихэнх нь аль хэдийн вакцин хийлгэсэн газар нутагт амьдардаг хүмүүс ч өөр газар үүссэн вирусийн мутациас бүрэн хамгаалагдаж чадахгүй. Дэлхийн улс орнууд болон бүс нутаг хооронлдын орчин цагийн харилцаа холбооноос шалтгаалан нэг ч улс орон бүрэн тусгаарлагдах боломжгүй юм. Бүх нийтээрээ л аюулгүй болсон цагт тухайн орны хүн ам сая нэг хамгаалагдаж чадна. Коронавирусийн халдвар хүнээс хүнд агаараар хялбархан дамждаг. Анхны вирусын нэгэн адил SARS-CoV-2-н аливаа шинэ, магадгүй олон үхэл дагуулах мутацид орсон хувилбарууд нь илүү их халдвартай, дэлхий даяар амархан тархах магадалтай байна. Бүхий л хүн амыг хангалттай вакцинжуулсны дараа дэлхий бүхэлдээ аюулгүй бүсэд орно гэсэн үг. Одоогийн авч байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд цартахал бүрэн хумигдах буюу өөрөө аажмаар хүч нь сулраад алга болох магадал бага байна. Хүн амын дийлэнх хэсэг нь өмнөх халдвар буюу вакцинжуулалтын үр дүнд "сүргийн дархлаа" –тай болсон буюу тахал өвчнийг өдөөж буй хүмүүсийн хөдөлгөөнийг бүрэн таслан зогсоосон цагт халдварын тархалтыг удаашруулан хумих боломжтой юм. Ингэснээр ойн түймэр ихэнх бут мод шатсан буюу галыг өдөөх салхи намжсан цагт хумигддагтай нэгэн адил хүнээс хүнд, хүн амын нэг хэсгээс нөгөөрүү дамжих өвчний тархалтын хурд удаашрах учиртай .
Хүн амаа вакцинжуулсан улс орнууд хил хязгаараа вакцинд хамрагдаагүй орнуудаас хамгаалж хаах нь бодит зүйл биш юм. Вакцинжуулалтанд хамрагдсан орнууд дэлхийгээс бүрэн тусгаарлагдаж хилээ хаасан ч тэдгээрийн иргэд болон вакцинжуулалт бүрэн хийгээгүй орны иргэдийн хороонд ямар нэгэн харилцаа холбоо байсар л байна. Вирусаас иргэдээ хамгаалахын тулд засгийн газрууд вакцинжуулалтын ажлыг түргэн шуурхай зохион байгуулах шаардлагтай. Аливаа вирусийн тархалтыг зогсооход вакцинжуулалт нь хамгийн үр дүнтэй, хянаж болох урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм . Ялангуяа SARS-CoV-2 шиг өндөр хурдтай тархдаг вирусийн хувьд. Тэр тусмаа COVID-19-ийн эсрэг өндөр үр ашигтай эм, эмчилгээний аргыг одоогийн байдлаар хаан ч нэвтрүүлээгүй байна. Улс орнууд вакцинтай болох, иргэдээ вакцинжуулалтанд хамруулах дараалалд хүлэхийн сацуу COVID-19-ийн тархалтыг удаашруулах, эрсдлүүдийг багасгах нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагтай байна. Ингэснээр вирусийн үржих болон мутацид орох боломжийг нь хумиж тархалтыг нь орон нутаг болон улс хоорондын хэмжээнд хязгаарлах учиртай. Энэ нь бас COVID-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэх болон нас баралтын тоог багасгахад ач холбогдолтой. Эдгээр арга хэмжээнд маскаа зүүх, гараа сайтар угаах, зайгаа барих зэрэг орно. Халдварын түвшин тоон үзүүлэлтээр нэмэгдэх нөхцөлд эрх баригчид "гинжин хэлхээг таслах" арга хэмжээг шуурхай авах шаардлагтай. Үүнд хорио цээрийн дэглэм тогтоох, бүсчилэн хөл хорих зэрэг орно. Вирусийг илрүүлэх лабораторийн шинжилгээгээр халдварын түвшин, тархалтыг хянах болон мутацийн геномын шинжилгээ хийх нь холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах, цаашид ямар алхам хийхийг тодорхойлоход нь хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс вирусийг илрүүлэх шинжилгээнүүд, тухайлбал PCR болон эсрэг генийн шинжилгээ, өмнө нь халдвар аваад дархлаа тогтоож буй хүмүүст бий болсон эсрэг биетийн шинжилгээ зэргийг хийдэг лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэснээр эсрэг биетийн шинжилгээ, зураглал хийх, хяналт тавих боломж нээгдэнэ. Мөн түүнчилэн хүн амын ямар хэсгийг нэн тэргүүний ээлжинд вакцинжуулахыг тодорхойлох боломжтой болно. Энэ бүгд цартахалтай тэмцэхэд шинжлэх ухаанч хандлага ямар чухал байгааг харуулж байна. Хүн бүрт хүрч ажиллахын тулд улс орнуудын засгийн газрууд нэг л дэлхийн төлөө нягт хамтран ажиллах шаардлагтай болж байна. Цар тахлын өвчний тархалтыг хумихад засгийн газрууд ямар арга хэмжээ авах ёстой вэ?? Хамгийн богино хугацаанд вакцины үйлдвэрлэл болон дэлхийн хангамжийг эрс нэмэгдүүлэхийн төлөө засгийн газрууд хамтран ажиллах шаардлагтай байна. Дэлхийн хүн амын аль болох их хэсгийг хамгийн боломжийн богино хугацаанд вакцинжуулалтанд хамруулах нь онцгой ач холбогдолтой болж байна. Ингэхийн тулд "вакцины үндсэрхэг үзэл" болон вакцины хуримтлалын бодлогоос татгалзах шаардлагтай байна.. Түүнчилэн вакцины одоо байгаа үйлдвэрлэл болон хөгжил буурай орнуудыг орхилгүй шинээр бий болгох үйлвэрлэлийн санхүүжүүлэлт, дэмжлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэ нь үр дүнтэй болох нь батлагдсан вакцины үйлдвэрлэлийн технологи, оюуны өмч, техникийн баримт бичгүүдийг дамжуулах, хуваалцах замаар хэрэгжих боломжтой юм. Энэ бүгд дэлхий нийтэрээ л аюулгүй байна гэсэн үнэмшил, харилцан ойлголцол дээр тогтоно . Дэлхий нийтээрээ аюулгүй болоогүй цагт хэн ч цар тахлын аюулаас ангижрахгүй гэдгийг амьдрал баталж байна.
Эх сурвалж "The conversation" сэтгүүл