ДЭМБ Хятадын “Sinopfarm” вакциныг яаралтай хэрэглэх эмийн жагсаалтад бүртгэжээ. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Баасан гарагт /2021.05.07/ мэдэгдэв.
"Өнөөдөр ДЭМБ БНХАУ-д боловсруулсан “Sinopfarm” вакциныг COVID-19-ийн эсрэг яаралтай ашиглах эмийн жагсаалтад оруулж, дэлхийн нийтээрээ хэрэгдэхэд аюулгүй гэж үзлээ. “Sinopharm” вакциныг Хятадын Үндэсний Биотек Групп (CNBG) -ийн охин компани болох Биологийн бүтээгдэхүүний Бээжингийн Био хүрээлэнд үйлдвэрлэдэг.
“Sinopharm” вакцин нь SARS-CoV-2 (Vero Cell) нэртэй бөгөөд хадгалалтын энгийн горимтой, хязгаарлагдмал савалгаатай ,харьцахад маш тохиромжтой бүтээгдэхүүн. Вакцины хадгалалтын горим алдагдсан тохиолдолд шилэн дээр нь өнгө нь өөрчлөгддөг жижиг наалт бүхий анхны вакцин юм.
ДЭМБ-ын Дархлаажуулалтын талаарх Стратегийн зөвлөх мэргэжилтнүүдийн бүлэг (SAGE) дээрх вакцины шинжилгээг хийж дуусгалаа. Боломжит бүх өгөгдөлд үндэслэн 18-аас дээш насны насанд хүрэгчдэд вакциныг 3-4 долоо хоногийн зайтай хоёр тунгийн горимоор хийхийг ДЭМБ зөвлөж байна. Вакцины үр дүнг бүх насны бүлэгт 79% гэж тооцов.
Вакцины эмнэлзүйн туршилтад 60-аас дээш насныхан цөөхөн оролцсон тул энэ насны бүлэгт үр дүнг нь үнэлэх боломжгүй байв. Гэхдээ ДЭМБ вакцины насны дээд хязгаарыг тогтоохыг зөвлөдөггүй бөгөөд урьдчилсан дүн, дэмжигч дархлааны чанарыг нотолсон баримтууд нь өндөр настнуудад дархлаажуулалтын нөлөө үзүүлэх магадлалтайг харуулж байна." гэж мэдэгдэлд дурджээ.
ДЭМБ-ын яаралтай ашиглах эмийн жагсаалт нь COVAX-ийн хөтөлбөрт орох гол нөхцөл нь болдог. Энэ нь дэлхийн улс орнуудад COVID-19 вакциныг импортлох, ашиглах зөвшөөрлийг түргэсгэх боломжийг олгож байгаа юм.