Малигийн 25 настай оршин суугч Халима Сиссе есөн ихэр хүүхэд төрүүлжээ. Есөн ихэр хүүхэд төрүүлэх нь нэн ховор тохиолдол бөгөөд ихэнхдээ хүүхдүүд нь энддэг аж.
Есөн ихэр төрсөн тохиолдол орчин үеийн анагаах ухаанд ердөө хоёрхон бүртгэгдсэн бөгөөд нэг нь 1971 онд Австралид, хоёр дахь нь 1998 онд Малайзид байжээ. Харамсалтай нь хоёуланд нь ихрүүд амьд үлдэж чадаагүй байна. Харин 2009 онд Америкт найман ихэр мэндэлсэн нь одоо ч бүгд амьд байгаа аж.
Тиймээс Мали улсын Эрүүл мэндийн сайд ихрүүдийг эх барьж авсан эмч нарт баяр хүргэжээ.
Халима Сиссе жирэмсэн байхад эмч нар түүнийг хэт авиагаар хараад долоон хүүхэд тээж байна гэж хэлсэн болохоор ээж аав нь олон хүүхэдтэй болох нь гэдэгтээ сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байжээ. Гэтэл есөн ихэр төрж тэдэнд ч эмч нарт ч гэнэтийн бэлэг болсон байна.
"Би аз жаргалтай байна, маш их баяртай байна. Эхнэрийн маань таван охин, дөрвөн хүүгийн маань биеүд сайн байгаа" гэж хүүхдүүдийн аав BBC-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.