Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) АНУ-ын Moderna компанийн коронавирусийн эсрэг вакциныг онцгой үед хэрэглэх эмийн жагсаалтад бүртгэжээ. Энэ тухай байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн байна.
"ДЭМБ “Moderna”-г онцгой үед хэрэглэх эмийн жагсаалтад бүртгэснээр тус эм яаралтай зөвшөөрөл авсан тав дахь вакцин боллоо" гэж мэдэгдэлд дурджээ.
Одоогоор ДЭМБ “Pfizer/BioNTech”, “AstraZeneca” вакцины хоёр хувилбар болоод “Johnson & Johnson”-ы вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм.
“Moderna”-гийн вакциныг ДЭМБ бүртгэхээс өмнө АНУ, Канад тэргүүтэй хэд хэдэн орон уг вакцинд зөвшөөрөл олгосон байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, “Moderna”-гийн вакцины хадгалах горим нь нэмэлт тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг бууруулах боломжтой ажээ. Тодруулбал, уг вакциныг 2-8 хэмд 30 хүртэлх хоног хадгалах боломжтой гэдгийг “Moderna” компани мэдээлжээ.