Европын Комисс “AstraZeneca” компанийг Европын Холбоонд вакцин нийлүүлэх гэрээгээ зөрчсөн гэж шүүхэд өгснөө албан ёсоор баталжээ. Энэ тухай Европын Комиссын төлөөлөгч Стефан Де Кийрсмакер Даваа гарагт мэдэгдэв.
“Европын Комисс “AstraZeneca” компанийг вакцины урьдчилсан захиалгын гэрээг зөрчсөн гэж Баасан гарагт шүүхэд өгсөн. Тус компани гэрээний зарим заалтыг хүндэтгээгүй бөгөөд хангамжийг цаг тухайд нь сэргээх найдвартай стратеги боловсруулж чадаагүй байна. Гэрээний дагуу ЕХ-ны иргэд авах эрхтэй хүрэлцээтэй тооны тунгаа авах нь бидний хувь маш чухал ач холбогдолтой байгаа тул Европын Комисс энэ нэхэмжлэлийг өөрийн болон Европын холбооны 27 орны өмнөөс гаргалаа" гэж тэр хэллээ.
Эхний улиралд “AstraZeneca” компани гэрээний дагуу 120 сая тун вакцин нийлүүлэх ёстой байтал энэ тоо 40 саяд ч хүрээгүй байна. Үүний улмаас Европын холбооны хэд хэдэн улс үндэсний вакцинжуулалтын төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрчээ.
Европын комисс “AstraZeneca” компанийг вакцинаа боловсруулж дуусаагүй байхад ЕХ улсуудад нийлүүлэх 400 сая тун вакцины урьдчилсан захиалгын гэрээг өнгөрсөн жилийн 8-р сард байгуулсан бөгөөд Европын Эмийн агентлаг вакциныг түргэвчилсэн хэлбэрээр бүртгэжээ. Одоогийн байдлаар Европын Холбоо нь “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca” мөн цусны бүлэн үүсгэх эрсдэлтэй тул нийлүүлэлтийг нь түр зогсоогоод байгаа “Johnson & Johnson” гэсэн дөрвөн вакциныг ашиглаж байгаа юм.