Засгийн газраас тогтоосон хатуу хөл хориог хэрэгжүүлэх оновчтой шийдэл, нарийн зохицуулсан журам алга. Тиймээс зам дээр иргэн, цагдаа үл ойлголцож, эмч нар ажлын байрандаа очиж чадахгүйд хүрч, сэтгүүлч аливаа үйл явдлыг сурвалжлах боломж хомс болов. Хуульч Б.Пүрэвсүрэнгээс хатуу хөл хорионы үед сэтгүүлчдийн үйл ажиллагааг хумих эрх бий, эсэхийг тодрууллаа.
-Хатуу хөл хорионы үед цөөн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаагүй. Тэдний тоонд хэвлэл, мэдээллийн байгууллага орсон ч цагийн хязгаарлалтад орчихоод байгаа. Энэ эрүүл үзэгдэл үү?
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглосон байдаг. Үүнд холбогдох дүрэм, журмууд ч хамаарах ёстой юм. Зөвшөөрсөн 15 байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан чиглэл, журам гаргасан бол үүнийгээ Захиргааны хэм хэмжээний актаар бүртгэсэн байх шаардлагатай. Үгүй бол заавал дагаж мөрдөх үүрэг иргэн, байгууллага хүлээх ёсгүй байдаг. Харин зорчих эрхийн тухайд үндсэн эрх тул хязгаарлаж болно. Гэхдээ энэхүү хязгаарлалт нэгдүгээрт, хуулиар тогтоосон, хоёрдугаарт, зайлшгүй байх, гуравдугаарт, хэм хэмжээндээ нийцсэн байх гурван шалгуурыг нэгэн зэрэг хангаж байж хязгаарлах тул хэвлэл, мэдээллийн байгууллагуудад цагийн хязгаар зааж буй нь үндэслэл байхгүй, хуульд нийцэхгүй тул ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байна.
-Хатуу хөл хориог далимдуулаад зарим төрийн байгууллага хаалттай болсон. Үүнийг иргэдийн мэдэх эрхийг хязгаарласан гэж үзэж болох уу?
-Зохих мэдээлэл өгөхгүй байгаагийн тухайд Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 10-ний 29 дүгээр тогтоолын дагуу мэдээллийг нэг цэгээс дамжуулах тул зөрчсөн Албан тушаалтанд хариуцлага тооцдог болсонтой холбоотой. Сэтгүүлч Үндсэн хуулийн 16.17 төр түүний байгууллагаас хуулиар хамгаалснаас бусад мэдээллийг хүлээн авах, эрж хайх, түгээх эрхтэй. Үүнд хориг саад тавих нь Үндсэн хуулийн зөрчил байж болно.
-Замын хөдөлгөөний эрчмийн талаар сурвалжилга хийж, зураг авсан сэтгүүлчээс замын зохицуулагч дүрс, зургаа устгахыг шаардсан байсан. Энэ зүйд нийцэх үү?
-Зорчих хөдөлгөөн гээч албан тушаалтны зоргоор хязгаарладаг эрх биш ээ. Замын цагдаад сэтгүүлчийн зургийг устгуулах эрх байхгүй. Нууц биш, олон нийтийн газар зураг авахыг хориглох үндэслэлгүй. Хүний нүүр, царай орсон бол тухайн хүн устгахыг шаардаж болно.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд цаг заасан нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан гэж үзэж болох уу?
-Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Улсын Онцгой комиссын дарга 2021 дөрөвдүгээр сарын 5-нд "Түр журам батлах тухай" 37 дугаар тушаал гаргажээ. Энэхүү тушаалын хавсралтаар баталсан "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам"-ын 4.1-т "...үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй чиглэлийн байгууллагын тээврийн хэрэгслийн өмнө нь олгож байсан зөвшөөрлийг хүсэлт шаардахгүйгээр сэргээн олгох эсэхийг ажлын хэсэг шийдвэрлэнэ" гэжээ. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хувьд "үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй чиглэл"-д хамаарч байгаа тул дээрх журмын дагуу QR код авч замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай болсон. Гэтэл дээр дурдсан журамд цагийн хязгаарлалтын талаар огт дурдаагүй байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дөрөвдүгээр сарын 25-нд "Энэ удаагийн код олголт цагийн зохицуулалттай. Зөвхөн 07.00-09.00, 17.00-20.00 цагуудад зорчино" гэж мэдэгдсэн. Мөн NTV ТВ-ийн сэтгүүлч Н.Сугарын мэдээлснээр, "Хэвлэлийн логотой машинуудыг цагийн хязгааргүй явуулахаар боллоо гэж Засгийн газраас мэдэгдсэн. Гэтэл цагдаа нар нь явуулахгүй байна". ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү өчигдрийн мэдээлэлдээ “...Сэтгүүлчдийн хувьд өглөө 10.00 цаг хүртэл хувийн тээврийн хэрэгслээрээ зорчоод, өдрийн цагаар байгууллагынхаа лого бүхий QR кодтой тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож ажлаа зохицуулна. Ингэхдээ тухайн сэтгүүлч нь өөрийнхөө бичиг баримттай явна. ... Журамтай холбоотой холбогдох мэдээллийг цагдаагийн алба хаагчдад хүргэсэн. Нэмэлтээр ажиллаж байгаа алба хаагчдад арай хүрээгүй байхыг үгүйсгэхгүй. Аль болох хурдан хүргэж ажиллаж байна." гэж мэдэгдсэнээс харахад цагдаагийн албан хаагчид бүрэн мэдээлэлгүй, улмаар үндэслэлгүйгээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж байгаа нь тодорхой боллоо.
-Олон улсад энэ тохиолдолд хэвлэл, мэдээллийн байгууллага ямар зохицуулалт хийдэг вэ?
-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн талаар НҮБ-ын Хүний эрхийн хорооны 102-р чуулганаар баталсан тайлбарын 45-д "... сэтгүүлч, хүний эрхийн зөрчлийг мөрдөгчдөд тухайн Гишүүн улс дотроо (зөрчилд нэрвэгдсэн газар нутаг, байгалийн гамшиг гарсан, хүний эрхийг гутаан доромжилсон гэх мэт газар) хөдлөн явах эрхийг хязгаарлах нь Пактын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ерөнхийдөө үл нийцнэ." гэснийг дээрх журмын зохицуулалт, хэрэгжилт хангахгүй байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас 2020.05.13-ны өдөр гаргасан “Ковид-19 удирдамж”-д зааснаар “Ковид-19”-тэй холбоотойгоор онцгой байдлын үеийн эрх хэмжээгээ гагцхүү нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлэхээс бус хүний эрхийн хамгаалагчид эсвэл сэтгүүлчдийн ажил, үйл хэргийг няцаах, хүчингүй болгох эсвэл тэднийг чимээгүй болгоход ашиглах ёсгүй юм. Иймд Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс QR код олгох нэрийн дор сэтгүүлчдийн үйл ажиллагааг зүй бусаар хязгаарлах үйлдлээ даруй зогсоохыг шаардаж байна.