“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ыг татан буулгая. Ер нь цэргийн гэмээр ийм холбоо, эвсэл байгуулахыг хориглоё. Тэр тусмаа улстөрчид, аль нэг намын эрх бүхий албан тушаалтан, төрийн шийдвэр гаргагчид энэ талаар санах ч хэрэггүй. Мөн мөрдэстэй хүмүүс чөлөөнд гарсан ч, гараагүй ч улс төрийн талаар ярихыг нь хязгаарлая.
Ерөнхийлөгч Х.Баттулга “МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь тухайн газартаа төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж, цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо.
Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл тулгарч байна” хэмээн, МАН-ыг тараах үндэслэлийг хэлэхдээ эл холбоог нэр цохож байгаа. МАН-ын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуулийн дөрөв, 23 дугаар зүйлд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн” гэдгийг Төрийн тэргүүн дээрх холбоогоор жишээ татан, улс төрийн ууган хүчнийг тараахыг шаардаж буй билээ.
Хоёр жилийн өмнө уг холбоо улсад “данстай” болж, төд удалгүй Төрийн ордонд хөл ихтэй хуралдаж, тэргүүнээрээ тухайн үеийн Ерөнхий сайд, МАН-ын дарга (одоо ч ажиллаж байгаа) У.Хүрэлсүхийг сонгосон. Монголын цэрэг, хүчний байгууллагын нийт 27 төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээрийг нэгтгэж, нийгэмд дуу хоолойгоо нэгтгэн ажиллахаа тухайн үед тунхаглаж байв. Үйл ажиллагааны чиглэл нь иргэд, залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах явдал болохыг улсын бүртгэлийн нэгдсэн мэдээлэлд тэмдэглэжээ.
“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-г үүсгэн байгуулж, улсад бүртгүүлсэн хүн нь Б.Энх-Амгалан. Тэрбээр У.Хүрэлсүхийн найз, 2020 оны сонгуулиас өмнө Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхад нь ахлах зөвлөх, Ажлын албаны дарга байсан гэдгээрээ эчнээ танил болсон нэгэн. Үнэндээ бичиг цаасан дээрх нэр нь л өөр болохоос энэ холбоог санаачилж, үүсгэн байгуулсан хүн нь МАН-ын дарга У.Хүрэлсүх гэдгийг хэдэн жилийн өмнөөс л шивэр авир хийж буй. “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-г байгуулж байх үед ч МАН бүх шатанд засаглаж байв. Ганц, хоёр аймгийг эс тооцвол бүх газарт Ардын намынхан олонх болж, намаасаа Засаг даргаа тодруулж асан үе. Засаг дарга нь тухайн намын хороогоо удирддаг. Өдгөө ч ийм, ялгаагүй. Ерөнхий сайд, МАН-ын даргын шууд удирдлагад ажилладаг Засаг дарга (МАН-ын хорооны дарга) нар тэр үеэс л орон нутагтаа “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбарыг ахлан, удирдаж ирсэн юм. Энэ цагаас төр, нам, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа хутгалдсан гэсэн үг.
Угтаа Засаг дарга бол харьяалах нутаг дэвсгэртээ хууль, тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны Засаг даргын болон ИТХ-ынхаа шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй төрийн төлөөлөгч. Гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед эрэн хайх, аврах, нүүлгэн шилжүүлэх, хор уршгийг нь арилгахтай холбогдуулан тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу түүний тодорхой хэсэгт түр хугацаанд дагаж мөрдөх журмыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн тогтоох, хүн хүч дайчлах, төрийн болон орон нутгийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тээвэр, холбооны хэрэгсэл, хүнс тэжээлийн нөөцийг дайчлах бүрэн эрх Засаг даргад бий. Цар тахлын энэ үед нутаг дэвсгэрийн хэмжээнд Онцгой комиссыг удирдаж байгаа хүмүүс нь Засаг дарга. Гэвч тэдэнд намын хийгээд төрийн бус байгууллагын “давхар дээл” өмсүүлсэн тул тухайн Онцгой комссыг “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбарын ахлагч удирдаж буйгаас өөрцгүй ээ.
Магадгүй тэднийг элдэв холбоонд элсэж, нэгдэхийг хуулиар хориглоогүй байж болох. Учир нь Засаг дарга бол Төрийн албаны тухай хуулийн дагуу улс төрийн албан тушаалтан, жинхэнэ албан хаагч биш. Төрийн жинхэнэ албан хаагчдын хувьд улс төрийн намын гишүүн байх, нам, хөдөлгөөн, түүний дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох нь хориотой. Тэгвэл улс төрийн албан тушаалтан Засаг дарга нарыг намын гишүүн байхыг нь хориглодоггүй юм гэхэд элдэв хөдөлгөөн, төрийн бус байгууллага, тэр тусмаа цэргийн гэмээр ийм холбооноос холхон явах ёстой гээд хуульчилбал яасан юм бэ. Тэгж яривал хууль тогтоогчид УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хашиж байсан бол тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүнээс хэдийн чөлөөлөгдсөн байх учиртай. Одоогоор энэ холбоо тэргүүнгүй байгаа гэсэн үг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс харвал тус холбоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу Удирдах зөвлөлийн даргаар Б.Энх-Амгаланг өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр бүртгэжээ. Тус холбооноос ч мэдэгдэл хийж, У.Хүрэлсүхийг удирдлагад байдаггүйг уламжилсан бөгөөд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” нь эмч, багш нарын зэрэг холбоотой адилхан, сайн дураар эвлэлдэн нэгдсэн 20 мянга орчим төрийн бус байгууллагын нэг. Цэргийн байгууллагуудаас бэлтгэл болон чөлөөнд гарсан ахмадууд Үндсэн хуулийн 16.10-т заасан эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдсэн байгууллага” хэмээн онцолсон юм.
Эх оронч, үндэсний бахархалт үзлийг түгээн дэлгэрүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлааг иргэдийнхээ оюун санаанд бэхжүүлэн, нийгмээ соён гэгээрүүлэх эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд салбарын тань ахмадын холбоо хангалтгүй байна гэж үү. Засгийн газрын тэргүүн, эрх баригч, хамгийн нөлөө бүхий намын даргын санаачилга, дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж, Засаг дарга нараар “хөл” хийж байгаа хойно ахмад дайчид та бүхэн иргэд, ирээдүй залуу үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, тусгаар тогтнолын оюуны дархлааг бэхжүүлэх гэсэн сүү шиг сэтгэл, сайн үйлсийг энэ мэт элдэв улстөржилт тойрч биш, дайрч гарах нь гарцаагүй ээ. УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа “Дотоодын улс төр цэргийнхэнд хамаагүй. ЗХЖШ-ын дарга, орлогч байсан хүмүүс элдэв юм байгуулаад, генерал хувцсаа өмсөөд яваад байгааг анхаарахгүй орхих асуудал биш. Энэ бол мөрдэс зүүсэн бүх хүнд хамаарна. Хэнтэй тэмцэлдэх гээд байгаа юм бэ. Өнөөдөр цагдаагийн байгууллагын дарга байсан хүн маргааш ямар нэг фронт байгуулаад явах юм уу. У.Хүрэлсүхийн “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-д ч энэ хамаатай шүү” хэмээн хэлж байсан удаатай.
Үнэндээ энэ тохиолдолд МАН-ын даргын тэргүүлж асан “Монгол цэргийн нэгдсэн холбоо” эрх баригч намын дэргэдэх төрийн бус байгууллагаас ялгарах зүйл алга. Нөгөө талаас тэргүүнээс чөлөөлөгдсөнөөрөө “Монгол цэргийн нэгдсэн холбоо”, У.Хүрэлсүх хоёрын харилцаа төгсгөл болно гэвэл үлгэр. Харин ч хойшид улам ойртож болзошгүй. Учир нь тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН-аас нэр дэвших нь баараггүй хүн гэвэл У.Хүрэлсүх. Магадгүй тэр олонхын санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болно. “Монгол цэргийн нэгдсэн холбоо-ны “нууц ноёнтон” Монгол Улсын Зэвсэгт хүчнийг “командалж” таарахгүй. Тиймээс эл холбоог татан буулгасан нь хаана хаанаа хал балгүй. Хэн нь ч хардуулахгүй, хардахгүй.
Үүнийг өнөөдөр гэнэт сануулж байгаа юм биш. “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны анхдугаар их хурлын оролцогчдод Ерөнхийлөгч Х.Баттулга хандан илгээлт хүргүүлж, “Монгол цэргийн жавхаа бадартугай” хэмээн уухайлж байхад л үүнийг анхааруулсан. Хэвлэл мэдээллийнхэн ч бичиж, хэлж байсан. Нэгэнт энэ асуудал сөхөгдөж байгаа тул дахин хэлье. “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-г татан буулгачих.