Манай улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд коронавирус голомтлон тархсанаас хойш дөрөв дэх удаагаа хөл хорио тогтоолоо. Эхнийх нь нэг сар, хоёр дахь нь 21, дараагийнх нь 10 хоногийн хугацаатай байв. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ удаа 15 хоногийн хугацаатай тогтоосон. Халдварын тархалт намжаагүй, харин ч хүрээгээ тэлсэн учир уг хугацааг 12 хоногоор сунгахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Ийнхүү дөрөв дэх удаагаа хөл хорио тогтоосон төр, засгийнхан өдий хүртэл туршлагажсангүй. Коронавирусийн халдвар дотоодод тархаад таван сар өнгөрч, үүний бараг гурван сар шахамд нь хөл хориотой байсан атал шүү.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжих бүртээ хаа сайгүй асуудал, бужигнаан, маргаан үүсгэн, “бантан хутгадаг” уламжлалаа манай дарга нар өчигдөр ч тасалсангүй. Эхний ээлжид тогтоосон 15 хоногийн хөл хорио энэ сарын 25-нд дууссан. Ингээд дараагийн ээлжийн 12 хоног нь өчигдрөөс эхэллээ. Өмнө нь иргэдийн хөл хөдөлгөөнийг сайн хязгаарлаагүй, хяналт олигтой тавиагүй. Харин энэ удаа хатуу чанд байлгаж, шинэ зохицуулалт хийнэ гэж Улсын онцгой комисс өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Гэсэн ч хэрхэх нь тодорхойгүй байсаар хатуу хөл хорио тогтоосон өдөртэй золголоо. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уржигдар 17.00 цагт олон нийтэд мэдээлэл өглөө. Ажлын хэсгийнхний бодож бодож гаргасан “мэргэн санаа” нь автомашинуудад QR код олгож, хязгаарлалттай буюу 07.00-09.00, 17.00-20.00 цагт хөдөлгөөнд оролцуулах байлаа. Өмнө нь ийм код олгосонтой холбоотойгоор олон асуудал үүссэн ч энэ удаа бол харин ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж ажлын хэсгийнхэн онцолсон.
Гэсэн ч тэдний хэлснээр болсонгүй. Албаныхны шийдвэр бодит байдалд нийцсэнгүй. Тодруулбал, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн 15 салбар, чиглэлийн байгууллага, аж ахуйн нэгжийнхэн ажил эхлэх, тарах үед буюу зөвхөн 07.00-09.00, 17.00-20.00 цагт хөдөлгөөнд оролцоно гэв. Мөн нийтийн тээврийг 07.00-10.00, 17.00-20.00 цагт явуулахаар боллоо. Үүнээс бусад үед хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, зөвхөн түргэн тусламж зэрэг зайлшгүй шаардлагатай тээврийн хэрэгсэл л зорчих боломжтой. Ийнхүү шийдвэрлэснээр дээр дурдсан цагт замд түгжрэл үүслээ. Тэр хэрээр хугацаа алдаж, зарим хүн ажилдаа амжиж очиж чадсангүй. Ингээд таарсан газартаа машинаа орхиод алхахад хүрлээ. Мөн цагийн хязгаарлалт тогтоосон үед зайлшгүй шалтгаанаар зорчсон хүмүүс торгуулсан хэмээв.
Түүнчлэн өглөө заасан цагт нь эмнэлэгт очиж үйлчлүүлсэн өндөр настнууд орой 17.00 цагийн автобус хүлээн зогсоол дээр удаан хүлээсэн “хэрэг” ч гарлаа. Заасан хугацаанд автобусанд иргэд олноор сууж, бөөгнөрөл үүсгэн, халдвар хамгааллын дэглэм алдагдав. Өмнө нь нийтийн тээврээр үйлчлүүлэгч цөөн, харьцангуй сийрэг байсан атал өчигдөр өглөө иргэд зарим автобусанд тэврэлдэх шахам чихцэлдэж явлаа. Хэдийгээр автобусны тоог нэмж, ердийн үеийнхтэй адил 859 болгосон ч гуравхан цагийн хугацаанд иргэд ажилдаа амжих гэж бөөгнөрөхөөс өөр аргагүй болжээ. Түүнчлэн хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан үед автобусны жолооч нар хэрхэн ажилдаа ирэх, буцаад яаж харих вэ гэдэг асуудал тулгарчээ. Эл асуудлыг шийдэхгүй бол жагсаал хийнэ гэж тэд мэдэгдсэн байна.
Цар тахлын үед ихээхэн ачаалалтай ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхныг ч асуудал тойрсонгүй. Монголын өмгөөлөгчдийн холбооны ажилтанд цагийн хязгааргүй зорчих эрхтэй QR код олгожээ. Тэгсэн хэрнээ эрүүл мэндийн салбарынханд цагийн хуваарийн дагуу зорчих эрх олгосныг эмч, ажилтнууд эсэргүүцэж, салбарын яам, УОК-т хандсан байна. “Эмнэлгийнхэн бид өдөр бүрийн 07.00-09.00, 17.00-20.00 цагт л явах эрхтэй болсон тул бусад цагт аль болох өвдөхгүй, өвдсөн ч гүрийхийг хүсье” хэмээн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч олон нийтийн сүлжээнд эгдүүцэн бичсэн нь ч бий. Эмч, ажилтнууд өвчтөнүүдээ үзэх, эм, тариа хүргэх, вакцин зөөх гэх мэт олон ажлаа цагийн хязгаарлалтаас болж амжуулж чадаагүй аж. ЭМЯ-наас “Эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндрэл гарсан талаарх гомдол маш их ирж байна. Эмнэлгийн ажилтнуудыг хувийн тээврийн хэрэгслээрээ хөдөлгөөнд хязгаарлалтгүй оролцуулах боломжийг хангах талаар бид холбогдох албаныханд хүсэлт тавьсан” гэсэн юм. Үүссэн асуудалтай холбоотойгоор УОК-оос дахин асуудлыг судалж, ойрын 2-3 хоногийн хугацаанд зохицуулалт хийнэ гэж мэдэгдсэн юм. Анхнаасаа яагаад судалж шийдвэр гаргасангүй вэ. Бас “Энэ шинэ зохицуулалтад иргэд удахгүй дасчих биз” хэмээсэн.
Нэгэнт нийтийн тээвэр, автомашины хөдөлгөөн 20.00 гэхэд зогсох учраас иргэдийг гэртээ харих боломжоор нь хангахын тулд худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг 07.00-19.00 цагт ажиллуулахаар шийдвэрлэсэн гэнэ. Иргэдийн хувьд эмнэлгийн зайлшгүй тусламж, үйлчилгээ авах, эмийн сан орох тохиолдолд гадуур явж болно. Харин бусад үед гэртээ байх ёстой. Мөн эмнэлэгт үзүүлэх цаг авсан, жирэмсэн хүмүүс холбогдох баримт бичгээ үзүүлээд цаг харгалзахгүй явах боломжтой гэж журамлажээ. Иргэд салхинд гарах бол гэрээсээ 50 метрээс хол явах ёсгүй. Явган хүн, дугуйтай иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хориглоно гэх сураг өмнө нь дуулдсан ч албажсан шийдвэрүүдэд энэ талаар тусгасангүй. “Хязгаарлалт тогтоогоогүй хугацаанд явган, дугуйтай хүмүүс бичиг баримтаа үзүүлээд явж болно. Харин хориглосон хугацаанд явган хүнийхийг ч, дугуйн хөдөлгөөнийг ч хориглоно” гэж УОК-оос мэдээлэв.
Бэлтгэсэн: М.Оч