Хөл хорио энэ сарын 25-нд цуцлагдах байсан ч халдварт өвчин болон нас баралт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор Засгийн газраас тавдугаар сарын 8 хүртэл хөл хориог сунгахаар болсон. Хатуу хөл хорио тогтоосон хэдий ч дархлаажуулалтын ажил үргэлжилж буй. Тодруулбал, Нийслэлийн есөн дүүрэгт 120 гаруй цэгт дархлаажуулалтын хоёрдугаар тунг хийж байгаа юм. Өнөөдрийн 11 цагийн байдлаар улсын хэмжээнд 678 мянган хүн вакцины эхний тун, 212 мянган хүн давтан тунгаа хийлгээд байна.
Түүнчлэн хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд 55-аас дээш насны иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулж буй. Гэтэл вакцин хийлгэсэн ахмад настангууд хүйтэнд автобус ирэхийг хүлээн удаан зогсож байна. Энэ талаар ахмад настангууд "Гадаа их хүйтэн байгаа болохоор ойр хавийн дэлгүүрээр орж дулаацаж байна. Нийтийн тээвэр орой 17.00-20.00 цагийн хооронд явж байгаа болохоор автобус ирэхийг хүлээгээд байж байна" гэдгийг ахмадууд онцлон хэлэв.
Уг нь вакцин тариулсан иргэд даарч, хөрч болохгүй гэдгийг эмч нар зөвлөж байгаа ч, вакцин тариулсан иргэд хүйтэнд автобус ирэхийг ийнхүү хүлээн зогсож, зарим нь гэр лүүгээ алхаж байгаа дүр зураг олон байв.