Эдийн засагч Г.Бумчимэгтэй хөгжлийн бодлогын талаар ярилцлаа. МУИС-ийн Эдийн засгийн сургуульд бакалавр, Английн Манчестерийн их сургуульд эдийн засгийн ухааны мастерийн зэрэг хамгаалсан тэрбээр Монголбанкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагч, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудад зөвлөх, Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагатай.
-“Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах хэрэгтэй. Гол яам нь байхгүй учраас хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхгүй байна” гэсэн шүүмжлэл бий. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар УИХ-ын ирэх намрын чуулганы үеэр Эдийн засгийн хөгжлийн яам байгуулна гэж мэдэгдсэн. Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гол яамыг байгуулаагүй нь хөгжлийн бодлогоо орхигдуулж байна гэсэн ойлголт мөн үү?
-Яам байгуулаагүй учраас хөгжлийн бодлогоо орхигдуулсан гэж дүгнэвэл өрөөсгөл. УИХ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг 2016 онд баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2030 он гэхэд хөгжлийн ийм ийм зорилтод хүрнэ гэсэн төсөөллөө боловсруулсан юм. Тухайлбал, ядуурлыг төдөн хувиар бууруулна гэдэг ч юм уу, тиймэрхүү зорилтуудаа хөгжлийн бодлогын баримт бичигт тусгадаг.
Дараа нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг хүчингүй болгоод, “Алсын хараа-2050” гэж урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг баталсан. Зөвхөн эдийн засгийн өсөлтийг хөгжил гэж хэлэхгүй. Энэ бол хөгжлийн үзүүлэлтийн нэг л индикатор. Бид боловсрол, эрүүл мэнд гэх мэт бусад салбараа хөгжүүлж, экологийн тэнцвэрээ ч хадгалах шаардлагатай. НҮБ-аас энэ бүгдийг багтаасан Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг тодорхойлсон байдаг. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтод тулгуурлан боловсруулсан юм. Харин “Алсын хараа-2050” бол монгол хүний онцлогт тохируулан боловсруулсан баримт бичиг. Манай улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд гарч буй гол асуудал нь төлөвлөлт хийдэггүй явдал гэж хувьдаа дүгнэдэг. Жишээ нь, “Говь” компани ноолууран пальтоны борлуулалтаараа дэлхийд тэргүүлнэ гэсэн зорилт тавилаа гэж бодъё. Түүндээ хүрэхийн тулд ямар ажил хийхээ төлөвлөж, зардал мөнгөө төсөвлөнө. Тэгвэл манай төр хөгжлийн зорилтуудаа жагсаасан хэдий ч хэрэгжүүлэх төлөвлөлт бараг хийдэггүй. Төлөвлөлт муу байгаа шалтгаан нь дэд бүтэц, институц сул хөгжсөнтэй ч холбоотой биз. Үүнээс гадна энэ онд баталсан бодлогоо дараа жил нь өөрчлөх тохиолдол байнга гардаг. Бодлогоо тууштай хэрэгжүүлэх чанар бидэнд дутаад байна. Одоо бол Үндэсний хөгжлийн газар хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд санаа тавин ажиллаж байгаа. Энэ агентлагийг Эдийн засгийн хөгжлийн яам болгоод ажиллаж болно. Хамгийн гол нь хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх дүрмээ тодорхойлчихоод, түүнийгээ бага зөрчих хэрэгтэй. Үндэсний хөгжлийн газар хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулахад чухал нөлөөтэй оролцож байна. Тэгвэл нөгөө талаас мөнөөх хөгжлийн бодлого, хөтөлбөр Сангийн яамнаас төсөв тавьсан тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой. Цааш нь бүр нарийвчлан яривал, УИХ-ын сонгуулийн үр дүнгийн дагуу эмхлэн байгуулсан Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө гаргадаг. Одоогийн Засгийн газар 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр баталсан.
-Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх төлөвлөлтөө хийж, түүнийг даган мөрдөж байгаа болов уу?
-Түүнийгээ даган мөрдөж байна уу гэвэл үгүй. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг гаргахдаа төсвийг нь хамт төлөвлөдөг. Энэ удаагийн Засгийн газар хувийн хэвшил, олон улсын байгууллага, улсын төсвөөс санхүүжүүлэх 88 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гэвч хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнийхээ төсвийг тухайн жилийнхээ улсын төсөвт тусгаж чаддаггүй байдал хэвээр. Манайхан иймэрхүү байдлаар аль аль талдаа төлөвлөгөөний дагуу ажиллаж чаддаггүй. Үүнийг эдийн засагт time inconsistency гэж нэрлэдэг. Бид хүүхдээ компьютер, гар утасны тоглоом тоглуулах, видео дүрс үзүүлэхгүй гэж хорьдог. Заримдаа ажлаасаа ядарч ирээд, хүүхдээ чимээгүй байлгахын тулд гар утсаа өгч тоглуулах нь бий. Энэ бол урт хугацааны зорилгоо хайхрахгүй, богино хугацааны шийдэл гаргаж буй хэлбэр. Өөрөөр хэлбэл, гал унтрааж байна. Бидний гал унтраах байдлаар ханддаг хандлага урт хугацааны зорилтыг улам холдуулдаг. Энэ процессыг time inconsistency гэж хэлээд байгаа юм. Ийм алдааг манай улс хөгжлийн бодлогодоо байнга гаргадаг. Цаасан дээр буулгасан нь хэрэгжүүлж буйгаасаа өөр байх жишээтэй. Ийм байдлаа засах чиглэлд олон ажил хийж байгаа. Үр дүнд хүрэхийн тулд алдаагаа хурдан засаад, цааш хөгжих ёстой. Нөгөө талаар хөгжлийн бодлогод иргэдийн оролцох оролцоо, мэдлэг дутаж байна. Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ядуурлыг бууруулна, таны орлогыг төд дахин нэмнэ гэсэн сайхан үг жагсааж бичдэг. Гэтэл хүмүүс ямар санхүүжилтээр тэр зорилтоо хэрэгжүүлэх вэ, татвараа нэмэх үү, зээл авах уу гэдгийг нь тодруулж асуудаггүй. Зөвхөн уриа лоозонг нь л анхаараад байдаг нь иргэдийн хяналт сул байгааг харуулдаг. “Ковид-19”-өөс үүссэн эрсдэл, хямралыг засаглал сайтай орнууд харьцангуй хөнгөн давж байна. Харин засаглал муутай орнуудад илүү хүндрэл учирч байгаа. Манайд засаглал муу хөгжсөнийг “Ковид-19”-ийн хямрал ил болгосон. Нэгэнт ил гараад, засаглал муутайгаа ойлгочихвол цаашдаа засаад явахад хөшүүрэг болох сайн талтай.
-Монгол Улс хөгжлийн олон бодлого баталсан. Хамгийн сүүлчийнх нь “Алсын хараа-2050” болж байна. Гэхдээ хөгжлийн бодлогоо хэрэгжүүлдэггүй. Тиймээс иргэд “мөрөөдлийн жагсаалт” гэж егөөддөг. Энэ удаагийн Засгийн газар 88 их наяд төгрөгийн төсөвтэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч цаасан дээр буулгаснаасаа өөр зүйл хийгээд байна гэж Та хэллээ. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэдэн хувьтай хэрэгжүүлснээ ч иргэдэд мэдээлдэггүй. Бодлого, зорилт тавиад түүндээ төлөвлөсөн хугацаандаа хүрсэн нь тун ховор. Тиймээс төр, засаг иргэдээ хураад байгаа юм шиг санагддаг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Иргэд хөгжлийн бодлогын талаар шүүмжлэлтэй ханддаг, анхаардаг болсон нь сайн хэрэг. Засгийн газар үндэсний хэмжээний зорилтоо хэрэгжүүлэхэд хэдэн төгрөг шаардлагатай вэ, тэр мөнгийг бий болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг судалж байгаа. Тодруулбал, үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо бий болгохоор ажиллаж байна. Тэгэхээр ийм ажил хийж буй нь ахиц дэвшил гаргах том алхам юм. Олон орон үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо гэсэн баримт бичиг батлахаар хурдтай ажиллаж байна. Хөгжлийн бодлогоо төсөвтэйгөө хэрхэн уялдуулах вэ, бусад шаардлагатай санхүүжилтийг олох тал дээр ямар стратеги боловсруулах вэ гэдгийг түлхүү анхаарч ажиллаж байна гэсэн үг. Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцооны баримт бичгийг боловсруулсны дараа тодорхой ахиц дэвшил гарах байх. Нээлттэй сайн зарлаад, иргэдэд ойлголт өгчихвөл хөгжлийн бодлогын хяналт ч сайжирна. Иргэдийн хяналт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Хүн өөртөө ямар нэгэн зорилго тавьдаг. Түүн шиг Засгийн газар ямар өмнөө зорилго тавьж болно. Харин түүндээ хүрэхийн төлөө тууштай, системтэй ажиллах нь чухал асуудал. Засгийн газар үүндээ анхаарч ажиллахаар судалгаа шинжилгээ хийж буй нь сайшаалтай.
-Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо гэх ойлголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Өөрийн улсын санхүүжилтийн боломждоо тулгуурлаж, хөгжлийн төлөвлөгөөгөө гаргахын тулд хийж буй баримт бичиг гэж ойлгож болох уу?
-Ийм баримт бичгийг 60 гаруй орон хийж байгаа юм билээ. Тогтвортой хөгжилд хүрэхэд хэр хэмжээний санхүүжилт хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлно. Нөгөө талдаа улсынхаа санхүүжүүлэх боломжийг тодорхойлно. Тэгээд энэ хоёрын зөрүүг гаргана. Улмаар дутаж буй санхүүжилтийг хэрхэн татаж болох вэ гэдэг стратеги болосвруулна. Ийм механизмыг Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо гэж нэрлэж байна. Жишээ нь, БНАХУ ядуурлыг арилгах зорилт тавиад саяхан түүнд хүрснээ зарласан. Тэгвэл ямар нэгэн зорилт тавиад, үүнд хүрэхэд хэдэн төгрөгийн санхүүжилт, ямар бодлогын арга хэмжээ хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлж, үндэсний бодлогын баримт бичигтээ тусгаад хэрэгжүүлээд явна гэсэн үг.
-Хятад улс ядуурлыг ялснаа зарласан. Үүнээс жишээ авч асуулт тавья. Манай улсын хүн амын 30 хувь нь ядуу, 100 гаруй мянган иргэн ажлын байргүй байна гэсэн статистик бий. Хөгжлийн суурь болсон ийм асуудлыг шийдвэрлэх дорвитой хөтөлбөр Засгийн газар хэрэгжүүлдэггүй. Ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулаад тууштай хэрэгжүүлбэл нийгэм, эдийн засгийн хөгжлийн олон бэрхшээлийг шийдвэрлэж болохоор харагддаг. Манай хөгжлийн бодлого хэт ерөнхий байдаг уу?
-Хууль, хөтөлбөр батлахдаа судалгаа хийх ёстой гэдэг ч юм уу ахиц дэвшил их гарч байна. Жил бүр олон төсөл, хөтөлбөр баталдаг. Харин төсөл, хөтөлбөр нь асуудлыг шийдвэрлэх суурь шалтгааныг нь засахад нэмэр болохгүй тал анзаарагдах болсон. Ажлын байр бий болгоно гэхээр ажлын байрыг дэмжих зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг ч юм уу. Тэр нь яг байгаа онож байна уу гэдэг нь эргэлзээтэй. Монгол Улс хөгжсөн орнуудын жишигт хүрэх гээд сүүлийн 30 жил явж байна. Мэдээж хэрэг алдаа дутагдал гаргаж байгаа. Дэлхийн банкны “Уул уурхай ба оюун ухаан” тайланд “Хүний нөөцөө анхаарах хэрэгтэй. Хөгжлийг хүн бий болгодог” гэж дурдсан. Тэгэхээр төрөөс санхүүжилтээр дэмжиж, асуудлыг огцом шийдэх гэж оролдох биш, мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлж, ажлын байранд тэнцэхгүй байгаа хүмүүсээ сургах гэх мэт зөөлөн арга хэрэглэж болно. Хүний хөгжил рүүгээ хандвал илүү үр дүн гарна гэж бодож байна. Санасан дээрээ хөгжлийн талаар бодож явдаг зарим зүйлээ хэлье. Олон улсын байгууллагууд манай улсыг дүрэм журмаа байнга өөрчилдгөөс гадна лиценз, санхүүжилт авах боломж бүх хүн, байгууллагад ижил тэгш олгодоггүйг шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, засаглалын асуудалтай гэсэн үг. Бид хувьдаа төр хэтэрхий томроод байгаа нь хувийн хэвшлийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж хардаг. Тухайлбал, төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсээр л байна. Хувийн хэвшилд даатгаж болох бизнест төр оролцдог. Төрийн өмчит болон оролцоотой компаниудын засаглалыг сайжруулах шаардлага бий. Засгийн газар төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд шууд оролцох байдлаар төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн тохиолдол гарах болсон. Үүнийг алдаа гэж хардаг. Төрийн өмчит компаниар Засгийн газрын зардлыг төлүүлэх нь буруу жишиг. Төлбөрийг нь төлөх ч юм уу, иргэд өөрсдөө шийдвэрлэж болох зүйлийг төр өмнөөс нь хийх нь буруу. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувийг татварын орлого эзэлдэг. Энэ нь татвар өндөр байгааг харуулсан үзүүлэлт. Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 50 гаруй хувийг эзэлж байна. Дотоод өрийг нь нэмбэл, Засгийн газрын өр ДНБ-ий 60 гаруй хувьтай тэнцэнэ. Засгийн газрын зардал өндөр байгаа ийм үзүүлэлтээс харж болно. Зардлаа эрэмбэлж, шаардлагагүйг нь танах хэрэгтэй. Харин хувийн хэвшлийнхний оролцоо маш бага харагддаг. Жишээ нь, хувийн хэвшлийн банкны зээл ДНБ-тэй харьцуулахад маш бага. Хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөний хэмжээ нь ч маш бага байдаг. Төрөөс бүх зүйлийг нэхэхгүй, гарыг нь харахгүй байвал зүйтэй.
-Төр, хувийн хэвшлийн түншлэл гэсэн ойлголт байдаг. Хувийн хэвшлийн хөрөнгийг дайчилж, ажлын байр бий болгох, үйлдвэрлэл хөгжүүлэх төслийг төр бодлогоор дэмждэггүй юм шиг харагддаг. Хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх боломж их бий. Гэтэл манай төр, засгийн удирдлага уул уурхайн төслүүдэд л голлон анхаардаг. Үүнийг алдаа гэж ойлгодог. Та санал нийлэх үү?
-Тогтвортой хөгжлийг мэдээж хэрэг хувийн хэвшлийнхэн л бий болгоно. Харин төр тэдэнд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй гэж ойлгодог. Төр бүгдийг нь зохицуулчихна гэж өрөөсгөл бодож болохгүй. Хувийн хэвшлийг дэмжихдээ бодлого, эрх зүйн орчныг нь тогтвортой байлгах нь төрийн үүрэг. Дээрээс нь халамжийг бууруулах нь төрийн хийх ёстой чухал ажил. Халамжийг өндөр болгосноор төр нь иргэддээ мөнгө өгөөд байж байх ёстой гэсэн ойлголтыг дэлгэрүүллээ. Хавтгайрсан хадгаламжаа хумих нь чухал. Ер нь төр хувийн хэвшлийг яаж дэмжих вэ гэхээр зардлаа бууруулах л хэрэгтэй.
-Зардлаа бууруул гэхээр татвараа багасга гэсэн үг үү?
-Төр аль болох халамжаа бууруулах хэрэгтэй. Үнэхээр амьдралын боломж муутай айлын хүүхдүүдэд 100 мянган төгрөг олго. Харин бүх хүүхдэд хавтгайруулан олгох шаардлагагүй гэсэн санаа юм. Төрийн зардал өсөх тусам өр ихэслээ. Төрийн өмчийн компаниудыг хэтэрхий олшруулмааргүй байна. Ингэх нь төрд зардал нь ачаа болно. Төрийн өмчит компаниудыг цөөлж, аль болох зардлаа багасгах нь хувийн хэвшлийг дэмжих гарц гэж харж байна. Төр хувийн хэвшилтэй түншлэх ёстой. Гэхдээ механикаар түншлэх нь эрсдэл өндөр. Монгол Улсад барих-шилжүүлэх, барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ хийж, төр хувийн хэвшилтэй түншилсэн. Энэ нь муу туршлага болж үлдлээ. Өнөөгийн нөхцөлд төр хувийн хэвшил хоёр сайн түншлэл үүсгэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс одоохондоо төр бага оролцоо, зардалтай байвал хөгжилд том тус хүргэнэ гэж харж байна.
-Үндэсний хөгжлийн газраас 100 төсөл, арга хэмжээг түрүүлж хэрэгжүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлж байгаа гэсэн. Нийгэм, эдийн засагт хамгийн үр ашигтай төслөө түрүүлж хэрэгжүүлэх нь зүйтэй биз дээ?
-Төсөл, хөтөлбөрөө эрэмбэлэх нь маш чухал. Айл өрх хүртэл юу түрүүлж худалдаж авах вэ гэдгээ эрэмбэлдэг биз дээ. Гэхдээ ямар зорилго тавьж байна, түүндээ нийцүүлбэл сайн. Ядуурлыг бууруулах зорилго тавьж байвал түүндээ нийцэх төслийг түрүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй. Боловсролдоо ахиц гаргах гэж байгаа бол түүндээ нийцсэн төсөл хэрэгжүүлэх шаардлагатай. Төслүүдээ зорилготой нь уялдуулж эрэмбэлж байгаа гэж бодож байна.