Хатуу хөл хориог чангаруулж, QR кодтой бол тодорхой цагт тээврийн хэрэгслээ унаж ажилдаа ирж, очих тогтоолыг УОК гаргасан. Уг тогтоолд эмч нарыг тогтоосон цагийн хуваарийн дагуу буюу 07.00-09.00 болон 17.00-20.00 цагт, тодорхой хязгаартайгаар зам тээврийн хөдөлгөөнд оролцоно. Харин хуульч, өмгөөлөгч нарт дээрх цагийн хязгаар үйлчлэхгүй хэмээн тогтоолдоо тусгасан бололтой юм. Үүний уршгаар өнөөдөр эмч нар ажилдаа ирж чадаагүй, улмаар иргэдийн дархлаажуулах ажил гацжээ. Цаашлаад зарим газар цөөн эмчтэй тул ажлын ачаалал нь ихэссэн гэнэ. Үүнийг иргэд эсэргүүцэж, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Тээврийн хэрэгсэлд QR код олгох ажлыг зохион байгуулж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд шийдвэрээ эргэн харсан бололтой. Тодруулбал, Х.Нямбаатар сайд хуульч, өмгөөлөгч нарын тээврийн хэрэгслээр зорчих цагийг хязгаарлажээ. Үүнд эгдүүцсэн хуульч нар цахим орчинд нүүр номоороо дамжуулан Х.Нямбаатар сайдад эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Өмгөөлөгч нар нүүр номдоо "Өчигдөр орой олгосон QR код өглөө босоход алга болчихож. Эмч нар барьцаж, ам уралдан шүүмжлэхээр нь хүчингүй болгосон юм байх даа. Тамын тогооны үлгэр юм даа. Бусдын ажил мэргэжлийн онцлогийг мэдэхгүй байж өөрийнхтэйгөө харьцуулан муулж болохгүй шүү дээ. Эмч нар хүний эрүүл мэндийн төлөө, өмгөөлөгчид хүний эрхийн төлөө зогсдог. Өвчин тахалтай гээд хэрэг зөрчил гарахгүй гэж байхгүй. Шүүх, прокурор, цагдаа ажиллаж байхад өмгөөлөгчийг нь явуулахгүй бол иргэн төрийн өмнө хүчгүйдээд л дуусна. Цар тахалтай үед өмгөөлөгчид сайн дураараа, уйдсандаа, хийцгүйрсэндээ ажилд явдаг гэж бодож байна уу. Цаг хугацаатай гомдол нэхэмжлэл, товыг нь зарласан шүүх хурал, прокурорын бичиг, байцаалтад суух гээд явахаас өөр аргагүй дээ явж байгаа. Шүүх, прокурор, цагдаа, хорих анги гээд товлосон цаг, дуудсан хугацаанд очдог тул өглөө ажил дээрээ оч, орой гэр лүүгээ харь гэж цагийн хязгаар тогтоох аргагүй. Цахимаар ажилла ч гэх шиг. Бүх шүүх, прокурор, цагдаагийн газраа цахимаар ажиллуулдаг болчихоод дараа нь тэгж хэлээрэй. Сошиалаар шуурангуут шийдвэрээ өөрчилдөг чадамжгүй төр байх гэж. Төрийн ажлыг фэйсбүүкээр хийхээ хэзээ болих юм бэ. Х.НЯМБААТАР сайд аа" гэжээ. Мөн өөр нэг өмгөөлөгч цахим орчинд "Эмч нар цагийн хязгаартай байхад өмгөөлөгчид цагийн хязгааргүй оролцох нь" гээд нэлээн шүүмжлэл болж байх шиг байна. Уул нь харьцуулах эсвэл барьцах зүйл биш юм сан. Харьцуулахгүйгээр зүгээр "Эмч нар хөдөлгөөнд цагийн хязгааргүй оролцох хэрэгтэй" гэдгээ л илэрхийлэх хэрэгтэй шүү" хэмээжээ.