Ховор амьтад, тэр дундаа дэлхийд данстай тахийн сүргийг хамгаалдаг Хустайн байгалийн цогцолборт газар малын хөлд нэрвэгдэх болжээ. Энэ нь тусгай хамгаалалттай газрын бэлчээрийг талхилах, улмаар ховор амьтдыг орогнох газаргүй болгох эрсдэл учруулж эхэлсэн байна. Тус газрын хамгаалалтын захиргааны судлаач, Судалгаа, сургалтын албаны менежер Д.Өсөхжаргалтай ярилцлаа.
-Хустайн байгалийн цогцолборт газарт өдгөө хэдэн амьтан нутагшиж байна. Ховор амьтад, ялангуяа тахийн тоо өсөж байгаа юу?
-Хустайн байгалийн цогцолборт газар нь хүн амын нягтшил ихтэй төвийн бүсэд, Улаанбаатар хотоос баруун тийш 100 км зайд оршдог. Хамгаалалтад авах болсон гол шалтгаан нь дэлхийн хамгийн ховор зүйлийн зэрлэг адуу болох тахийг авран хамгаалж, сэргээн нутагшуулах юм. Өөрөөр хэлбэл, тахь үржүүлэхэд зориулж тодорхой газар нутгийг хамгаалалтад авсан. 1992 оны зургадугаар сарын 5-нд Хустайн нуруунд анх 16 тахь нутагшуулсан юм. Үүнээс хойш нэг жилийн дараа 1993 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Улмаар 1998 онд байгалийн цогцолборт газар болгож, хамгааллын зэрэглэл ахиуллаа. Бага хэмжээний буюу 50 000 га газар нутагтай. Манай улс өдгөө тусгай хамгаалалттай 120 газартайгаас хариуцсан талбайн хэмжээгээр сүүлчээсээ хоёрдугаарт бичигддэг. 44 000 га Богдхан уулын дархан цаазат газар хамгийн бага талбайтай нь. Дөрвөн сая га талбай бүхий Говийн их дархан цаазат газрын А хэсэг хамгийн уудам нутагтай. Үүнээс манайх 80 дахин жижиг гэсэн үг. 1992 оноос хойш таван удаагийн тээвэрлэлтээр 84 тахь авчирсан нь өдгөө 400 гаруйд хүрч өслөө. Ингэснээр дэлхийд хамгийн олон тахитай нутагт тооцогдож байна. Газар нутгийг хамгаалалтад авахаар суурь судалгаа хийхэд 50 орчим буга байсан бол одоо 1300-д хүрч, 30 жилд 26 дахин өслөө. Төвийн бүсэд үзэгддэггүй байсан цагаан зээр 1990-ээд оны дунд үед манайд ирж нутагшсан. Өдгөө зун 200-500, өвөл 1000 гаруй цагаан зээр байдаг. 2000- аад оны эхэн үе хүртэл зөвхөн хавар, намар буюу нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг байсан аргалийн тоо одоогоор 100 орчимд хүрч, байнга суурьших боллоо. Агнуур болон дараалсан гангийн улмаас 2000-аад онд эрс ховордож, 7000-д хүрсэн тарвага хоёр дахин өслөө. Энэ мэтээр талбай багатай ч үр дүнтэй, идэвхтэй хамгааллын ачаар Монгол Улс, бүс нутаг, дэлхийн хэмжээнд ховордсон амьтад богино хугацаанд өсөж байна.
-Тусгай хамгаалалттай газрын ойр орчимд өдгөө хэдэн айл нутаглаж байна вэ?
-Хустайн байгалийн цогцолборт газар нь Улаанбаатар хот, Төв аймгийн Зуунмодоос холгүй, Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумын заагт оршдог. Би энд 18 дахь жилдээ ажиллаж байна. 2003 онд ажиллаж эхлэхэд манай 50 000 га газрыг тойроод нийт 18 000 малтай 40 айл байсан. Тухайн үед хамгаалалттай газарт мал орж ирэх, бэлчээр талхилах асуудал харьцангуй бага байлаа. Түүнчлэн хур тунадас элбэг, ургац арвин байв. Харин 2003 оноос хур тунадасны хэмжээ тасралтгүй багассаар 2008 онд ган болсон. Хур тунадас багасаж, өвс, ургамлын гарц муудсанаар мал эхлээд байгаа газрынхаа бэлчээрийг бүрэн талхилж, дараа нь тусгай хамгаалалттай нутаг руу орж эхэлсэн. Ийм асуудал 2008 оноос тулгарах болсон юм. Тухайн үед манай газарт нэвтэрсэн малын тоо цөөн, орж ирэх давтамж нь бага, нутгийн иргэд ч буцаан туугаад явчихдаг байлаа. Харин одоо Хустайн байгалийн цогцолборт газрыг тойрсон 128 айлын өвөлжөөнд 170 өрх 100 000 мал маллаж байна. 18 жилд айл, малын тоо тав дахин нэмэгдсэн. Энэ нь тулгамдсан асуудал болчихоод буй юм.
-Хамгаалалтын захиргаа хэдэн байгаль хамгаалагчтай вэ. Айлуудын олон малыг гаргах, буцаан туух амаргүй байх?
-Манайх 10 байгаль хамгаалагчтай. Нэг өдөрт хоёрхон амнаас дунджаар 600-1200 мал гаргаж байна. Үүний цаана байгаль хамгаалагчид тухайн өдөр хүрч амжаагүй газруудад ойролцоогоор 4000 гаруй мал үлдэх жишээтэй. Өнгөрсөн өвөл бид хамгаалалттай газраас 2-3 хоногт нэг удаа мал гаргасан. Тэгэхэд давхардсан тоогоор 110 000-120 000 адуу хөөсөн. Хуулиар хамгаалагдсан багахан хэмжээний газрыг ийм олон мал цөлмөчихвөл амьтдад бэлчээр хүрэлцэхгүй. Ерөөсөө манай 50 000 га газар орогнох газаргүй болсон нэн ховор, ховор амьтдад зориулагдсан. Гэтэл хэт их өсөж, төвлөрсөн мал төвийн бүсэд, зэрлэг амьтдад үлдээсэн багахан бэлчээрийг цөлмөх боллоо. Энэ нь амьтдыг амьдрах орчингүй, амьдрах нөхцөлгүй болгох эрсдэлтэй.
Дэлхий дахинд тахийн хамаатан долоон зүйл туурайтан бий. Түүхэн хугацаанд 20 гаруй зүйл зэрлэг адууны төрөл амьдарч байсныг олдворуудаар нотолдог. Тэдгээрээс өдгөө долоохон үлдсэнээс гурав нь Африкт байдаг эрээн тахь. Мөн гурван зүйл хулан бий. Төвөд, Африк, Азийн хулан гэж ялгадаг. Тэдгээрийн дотор цорын ганц зүйл зэрлэг адуу байгаа нь тахь. Энэ нь цорын ганцаас гадна нэгэнтээ байгалийн нөхцөлд бүрмөсөн устаж байсан амьтан. 1969 онд сүүлчийн бодгалийг харснаас хойш Монгол, Унгар, Монгол, Герман, Монгол, Оросын экспедиц 20 орчим жил хайж, байгальд нэг ч тахь хараагүй учир устсан гэж үзсэн. Дэлхийн хамгийн ховор энэ зүйл зөвхөн хүний тусламжтайгаар буюу амьтны хүрээлэн, нөөц газарт мэнд үлдсэн. Улмаар амьтны хүрээлэнгээс буцаан байгальд нь сулласан.
-Тахь сэргээн нутагшуулах, хамгаалахад хэдий хэмжээний хөрөнгө зарсан бол?
-Сүүлийн 30 жилд 30 орчим тэрбум төгрөгөөр хамгаалж, бүх хүчээ дайчлаад өдий хэмжээнд хүргэсэн. 1990 он буюу нийгмийн шилжилтийн үед газар нутгийг тусгай хамгаалалтад авах, хамгаалалтын захиргаа байгуулахад тун хүнд байсан. Тахийг олон улсын хэмжээнд судлах, цэвэр цусны азарга, гүүг олж, үржүүлэн, шилмэл унагануудыг гаргах, тэдгээрийг Монгол Улс руу тээвэрлэх зардлуудыг “Нидерландын тахь хамгаалах сан” төрийн бус байгууллагаас анх гаргасан. Одоо бол манай “Хустайн цогцолборт газар” төрийн бус байгууллага Засгийн газрын тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулсны үндсэн дээр хамгаалалтын захиргааны үүрэг гүйцэтгэн, үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь дэлхийн хэмжээний байгаль хамгааллын үр дүнтэй арга туршлагуудын нэг учраас Монгол Улс хэрэгжүүлж буй. Төр ачааллаа төрийн бус байгууллага буюу чадаж байгаа газруудтай хуваалцаж, ийм менежментийг дэмжиж ажилладаг. Их нартын болон Хар ямаатын байгалийн нөөц газрын менежментийг ч манайхтай адил төрийн бус байгууллага хариуцаж байна.
-Хамгаалалтын захиргаа улсын төсвөөс санхүүжилт авдаг уу?
-Манай захиргаа эхэн үедээ Нидерландын Засгийн газраас санхүүждэг байсан. Харин 2012 оноос хойш өөрөө өөрийгөө санхүүжүүлж буй. Байгуулагдсан цагаасаа улсын төсөвт дарамт учруулалгүй өөрөө өөрийгөө санхүүжүүлсээр ирсэн. 1992-2012 онд Нидерландын Засгийн газрын санхүүжилттэй байх үедээ дэд бүтцээ бий болгож, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх бааз байгуулсан. Өдгөө жилд 20 000-30 000 жуулчин хүлээн авч, 1.5 тэрбум төгрөг олон, түүгээрээ байгалиа хамгаалдаг. Ийм хэмжээний хөрөнгөөр хамгаалдаг учраас л байгалиа зөвхөн ховор амьтдад үлдээх гэж зүтгээд буй юм. Хэт өсөж, төвлөрсөн малын хөлөөр бэлчээр нутгаа талхилуулан, тахиа алдвал дахиад энэ хэмжээнд хүргэхэд хэдэн жил зарцуулах вэ. Түүнчлэн хэдий хэмжээний санхүүжилт шаардагдах бол. Үүнээс гадна цаг, мөнгө байлаа ч генетикийн нөөц үлдэх, эсэх нь эргэлзээтэй.
-Мал орж ирснээс шалтгаалан тусгай хамгаалалттай газар нутгийн хэдэн хувийнх нь бэлчээр доройтож болзошгүйг судалсан уу?
-Манай хамгаалалтын захиргаа анхнаасаа зөв, цэгцтэй ажиллаж, судалгааг огт тасалдуулаагүйгээрээ онцлог. Анх хамгаалалтын захиргаа байгуулахад л бүх амьтнаа тоолсон. Түүнээс хойш 30 жилийн турш хоёр долоо хоног тутамд тоолж байна. Судалгааны дүнгээс харахад мал орсон ч, ороогүй ч амьтдын тоотой харьцуулахад бэлчээрийн даац 4-8 дахин хэтэрсэн. Өөрөөр хэлбэл, малд байтугай одоо байгаа амьтдад ч хүрэлцэхгүй. Бид 30 жил үнэхээр сэтгэл, зүтгэл гарган, байгаль хамгаалагчид мотоциклоос буулгүй шахам хамгаалсаар ийм түвшинд хүргэсэн. Хэрэв амьдрах орчин хаа сайгүй тааламжтай бол амьтад манайх руу зүтгэхгүй. Цөөнгүй цагаан зээр, буга ирсэн, ирчихээд буцахгүй байгаа нь амьтад орогнох орчингүй болчихлоо гэсэн үг. Тэгээд л хүний тусламжтайгаар хамгаалж буй жижигхэн газарт бөөгнөрөөд байна. Сүүлийн жилүүдэд бид байгаль орчны мэргэжлийн байгууллагуудтай хамтран 400 гаруй халиун бугын илий, 1000 орчим тарвагыг 10 гаруй аймагт нутагшууллаа. Энэ нь амьтдын экологи-эдийн засгийн үнэлгээгээр гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг бусад газрын байгаль хамгаалалд оруулжээ гэсэн үг.
-Хууль бус агнуур их гардаг уу?
-Хууль бус агнуур томоохон асуудал байсаар ирсэн. Ялангуяа 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үеэс эхлэн хүн амын амьжиргааны түвшин доошилж, хууль бус агнуур газар авсан. Жишээ нь, 1986 онд 130 000 байсан халиун буга богино хугацаанд хурдацтай цөөрсөн. 2004 онд тоолоход 5000 гаруйхан үлдсэн байв. 18 жилийн хугацаанд 92 хувиар буурч, устах шахсан буга өдгөө дахиад олширч буй. Хустайд 2010-2011 онд 30 буга хууль бус агнуурт өртсөн. Энэ нь манай газрын түүхэн дэх хамгийн том хууль бус агнуур. Ийм асуудал биднийг нэг хэсэг туйлдуулдаг байлаа. Зуны хугацаанд 30 орчим тарвага хууль бусаар агнах жишээтэй. Одоо бол хууль бусаар ан хийх нь харьцангуй цөөрсөн. Харин хэт өсөж, төвлөрөн, бэлчээрээ бүрэн талхилсан мал хамгаалалттай газар луу өдөр өнжилгүй дайрч байгаа нь хамгийн том зөрчил боллоо.
-Бэлчээрийн асуудлаар малчдад хандаж мэдээлэл өгөх, ухуулга хийх зэрэг ажил хэрэгжүүлж байв уу?
-Манай улсад 1980-аад оноос өмнө зүйлийн хамгаалал гэж байлаа. Тухайлбал, аргаль, янгирт хаана ч байсан гэм хор хүргэж болохгүй, энэ бол дархан цаазат амьтан гэдэг байв. Гэтэл амьтдыг бэлчээр нутаг, амьдрах орчинтой нь хамгаалах нь үр дүнтэй гэсэн үзэл баримтлал хөгжсөнөөр 1980-аад оноос хойш тусгай хамгаалалттай газар байгуулсан. Түүнчлэн 2000-аад оноос хойш тусгай хамгаалалттай газрыг дан ганц хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид бус, нутгийн иргэдтэй хамтран хамгаалах нь үр дүнтэй гэх үзэл баримтлал дэлхий нийтэд дэлгэрсэн. Тиймээс манай хамгаалалтын захиргаа анхнаасаа л нутгийн иргэдтэй зөвшилцөн ажиллаж ирлээ. Бид орчны бүсийн малчдад малаас өөр орлогын эх үүсвэртэй болъё, мал малласан ч бэлчээрийн даацдаа тохируулъя гэх зэргээр таниулга сурталчилгаа хийж, хөгжүүлэхэд анхаарч ирсэн. Тухайлбал, хамгаалалттай газрын орчны бүсэд нутагладаг айлуудыг 4-5-аар нь бүлэглэн, 30 орчим нөхөрлөлд хуваасан. Ингээд зарим нь сүү, сүүн бүтээгдэхүүн, эсгий урлал хийж, хүлэмжид ногоо тарьж, нэг хэсэг нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхэлдэг боллоо. Гэхдээ нэг хэцүү зүйл нь төрийн бодлогын түвшинд зөрүүтэй асуудал олон байна. Өөрөөр хэлбэл, нэг талаас газар нутгаа хамгаална гээд тусгай хамгаалалтад авчихлаа. Гэтэл нөгөө талаас иргэн баян бол улс баян гээд малаа өсгө, мянга болговол шагнал өгье гэдэг. Ингэж шагнасаар байгаад малчдыг бэлчээргүй болгочихлоо. Тиймээс бүс бүрт малын тоог бэлчээрийн даацад тохируулсан татвар бий болгох ёстой. Тэгэхгүй бол энэ асуудлыг иргэдийн түвшинд шийдэх, зохицуулах боломжгүй болсон.
-Манай улс Малын тоо толгойн албан татварын тухай хуультай болсон. Уг хуулиар асуудлыг шийдэх боломжтой юу?
-2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд Малын тоо толгойн албан татварын тухай хууль баталсан. Харамсалтай нь, энэ нь учир дутагдалтай, хэрэглэх боломжгүй. Тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой сүүлийн үеийн хуулиудийг ч хөнгөн хуумгай, бодож төлөвлөлгүй баталсан. УИХ-ын олонх гишүүн орон нутгаас сонгогддог. Тэгэхээр малчдад таалагдахын тулд сайн хууль батлахгүй байна. Жишээ нь, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1-т “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна” гэж заасан. Үүнийг сумын Засаг дарга тогтооно гэж байгаа юм. Засаг дарга сумаасаа сонгогдоно. Тэр хүн иргэдийн саналыг авахын тулд татвар нэмнэ гэж хэлэхгүй. Мөн татварын хэмжээ 0-2000 төгрөг гэсэн нь огт авахгүй ч байж болно гэсэн үг биз дээ. Тэгэхээр хууль баталсан гэж цаасан дээр харагдахаас бус, бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй. Жишээ нь, тусгай хамгаалалттай газарт нэг мал, эсвэл 500 хонь туугаад ороод ирвэл яах вэ. Нэг удаа гэнэ алдаад малаа алдчихсан, эсвэл мэдсээр байж байнга оруулаад буй хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Улмаар бэлчээр хохироосныг яаж үнэлэх вэ гэх зэрэг арга, аргачлал байхгүй, бүх зүйл бүрхэг. Тиймээс төр, засаг үүргээ биелүүлэн, хуулиа тодорхой болгох ёстой. Гэтэл өдгөө биднийг ямар ч дүрэмгүй “тоглуулаад” байна.
-Тусгай хамгаалалттай газарт малаа оруулсан хүн хариуцлага огт хүлээдэггүй гэсэн үг үү?
-Одоо бол бид Зөрчлийн тухай хуулийг мөрдөж байна. Уг хуульд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд иргэнийг 500 нэгжээр торгохоор заасан. Жилд, улиралд нэг бус, мал нь орж ирэх бүрт торгууль ногдуулна. Зөрчлийн тухай хуулийг 2017 онд батлаад, долдугаар сарын 1-нээс нь мөрдөж эхэлсэн. Түүнээс хойш бид уг хуулийг хоёр жил сурталчиллаа. Хамгаалалтын захиргаа нь хууль сурталчлах үүрэгтэй. Тиймээс бид хоёр жилийн хугацаанд малчдыг торгоогүй, хуулийн талаар тайлбарлаж, сурталчилсан. Харин өдгөө торгож эхэлсэн. Одоогоор 10 гаруй иргэнд 500 000 төгрөгийн торгууль ногдуулсан.
-Торгууль ногдуулахаар малчид эсэргүүцэж, хамгаалалтын захиргааныхан болон иргэдийн хооронд үл ойлголцох асуудал үүсдэг үү?
-Олонх малчин байгаль хамгаалагчдыг хүн торгох, дарамтлах дуртай, магадгүй мөнгийг нь өөртөө авдаг гэж өрөөсгөл ойлгодог. Гэтэл тийм биш. Яагаад гэвэл торгуулийн мөнгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Уг нь хуулийнхаа дагуу бол байгаль хамгаалахад зарцуулах ёстой. Гэтэл ихэвчлэн сумын цэцэрлэг, сургууль “болчихож” байна. Бид байгалиа л хамгаалах зорилготой. Харин иргэдтэй маргалдах сонирхол огт байхгүй. Тиймээс ихэнх үйл ажиллагаа маань урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Тарвагачин зөрчил гаргасны дараа торгох нь чухал биш. Эцсийн үр дүнд тарвага алуулаагүй байх нь л чухал. Гэтэл малчид өөрсдөө хамгаалалттай газар луу малаа оруулчихаад, ав гэхээр авахгүй хэрнээ торгохоор “Биднийг дарамталлаа” гэдэг.
-Цаашид эл асуудлыг хэрхэн зохицуулах нь зүйтэй гэж та үзэж байна вэ?
-Монгол Улс одоогоор нийт газрынхаа 20 хувьтай тэнцэх 30 сая га талбайтай 120 тусгай хамгаалалттай нутагтай. Гэтэл малын тоо толгой хэт өссөнөөр тусгай хамгаалалттай газрууд оршин тогтноход бэрх боллоо. Тусгай хамгаалалттай газруудын хариуцсан талбайн хэмжээ, байршил өөр. Мал, малчин очиж суурьшихын аргагүй уудам, алс газрууд бий. Харин төвийн бүстэй ойр газруудад бол малын төвлөрөл их. Богино хугацаанд огцом олширсон малын нүүдлийн давтамж буурснаар бэлчээрийг байгалийн жамаараа сэргэх аргагүй болтол нь талхилсан. Талхилагдсан бэлчээр нь Монголын байгалийг сөхрөхөд хүргэсэн учраас энэ бол бидний зайлшгүй анхаарах шаардлагатай асуудал.
Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт малын тоо толгой жигд өссөн. Үүнтэй холбоотойгоор нүүдлийн давтамж буурсан. Нүүдлийн мал аж ахуй гэдэг нь жилд дунджаар 10-12 удаа буурь сэлгэхийг хэлдэг. Гэтэл одоо малчдын өвөлжөө, хаваржаа нь нэг, зуслан, намаржаа нь хамт болж, жилд хоёрхон удаа нүүж байна. Зургаан сард нь өвөлжөө, хаваржаагаа, үлдсэн зургаан сард нь зуслан, намаржаагаа бүрэн талхилаад, өндийх өвсгүй болгодог. Бэлчээрийн өвс нь тодорхой өндөр, нягттай, соргог, сахлаг байвал нар хөрсөнд шууд тусахыг багасгадаг. Ингэснээр хөрс чийгээ хадгалж, ургамлын үндсийг тэтгэдэг. Гэтэл өдгөө бэлчээр талхилагдсанаар өвс нарны тусгалыг бууруулж чадахаа больж, хөрсөнд шууд туссанаар чийгээ алдан хуурайшдаг. Улмаар хөрсний өнгөн хэсэгт байдаг, ургамлын үр ургахыг тэтгэдэг эрдэс бодисууд шороотой хамт хийсээд алга болно. Ургамлыг тэтгэхүйц эрдэс бодисууд салхинд хийсэхээр үр унаад ч ургах боломжгүй юм. Нөгөө талаас хөрс нь ургамлын үндсээр тогтдог зүйл. Ургамал хөрсөө барих ёстой. Эл үйл явц алдагдахаар хөрс улам сулардаг.
-Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, ган гачиг ч нөлөөлөх байх?
-Чийг тогтоох боломжгүй хуурайшсан хөрсөнд бороо ороод ч нэмэргүй. Дэлхийн хэмжээний уур амьсгалын өөрчлөлтийн хоёр ч тод шинж тэмдэг манайд ажиглагдах болсон. Монголд хур тунадас багассан гэсэн үзүүлэлт байхгүй. Ордгоороо л орж байгаа. Гэхдээ хоёр томоохон өөрчлөлт бий. Өмнө нь хур тунадас 5-6 дугаар сард буюу тухайн жилийн ургамал гарахад бэлэн болсон үед ордог байсан. Гэтэл өдгөө 7-8 дугаар сар луу шилжчихлээ. Өөрөөр хэлбэл, хэт оройтох болсон. Хур тунадас 5-6 дугаар сард хэрэгтэй байтал 7-8 дугаар сард шилжихээр үр дүнгүй болно. Хоёр дахь өөрчлөлт гэвэл өмнө нь гал алдтал бороо орох гэж хүмүүс ярьдаг байлаа. Энэ нь бороо олон хоног зүсэрч ороод, аргал хатахаа болихыг хэлсэн хэрэг. Харин одоо 5-15 минутад ширүүн ороод, хөрсөнд шингэлгүйгээр өнгөн дээгүүр нь гулгаад алга болдог. Ургамал цэцэг, навч зэрэг газрын дээрх эрхтнээрээ чийг нэг их авдаггүй. Бороо орж, хөрс рүү нэвчээд, үндсэнд нь хүрч чадсан тохиолдолд ургамал ургах боломжтой. Тэгэхээр бороо хөрсөнд тогтож, шингэх хэрэгтэй, улмаар ургамлын үндсэнд хүрэх ёстой. Гэтэл өдгөө шалбааг болтол бороо орсон юм шиг хэрнээ газар ухаад үзэхэд хөрснөөс хоёр см орчмын гүнд хуурай байх жишээтэй.
Нөгөө талаас Монгол оронд хур тунадас зөв цагтаа орж, ургамлыг тэтгэлээ гэхэд тодорхой хэмжээний өгөөж өгнө. Тэр өгөөжийн 40-50 хувийг идээд, үлдсэнийг нь хадгалах ёстой. Хадгалсан бэлчээр хөрсийг нарнаас хамгаалж, чийг, эрдэс бодисыг нь хадгалж, үндсээрээ бэхлэх ёстой. Гэтэл бүгдийг нь цөлмөчихөөр ургамалд сэргэх боломж өгөхгүй. Энэ нь Монголын хээрийн экосистем цөлжин, устах аюулд хүргэсэн. Үүнээс гадна тусгай хамгаалалттай газар нутгийн бэлчээрийг хүртэл аварч үлдэх боломжийг хязгаарлах нь.
-Бэлчээрийг өнжөөж ашиглах шаардлагатай гэж ярьдаг. Хэдэн жил өнжөөх шаардлагатай бол?
-Малчид бэлчээрийг өнжөөвөл сэргэчихнэ гэж буруу ойлгодог. Гэтэл үгүй юм. Ийм буруу ойлголттой учраас нэг удаа нүүгээд, буцаад ирэхэд сэргэчихнэ гэж бодож, хайр гамгүй хандаад байна. Өнжөөлөө гэхэд шууд бэлчээрийн ургамал ургахгүй. Эхлээд хөл газрын ургамал шарилж, лууль ургана. Эдгээр нь үндсээрээ хөрсийг жаахан бэхэлнэ. Үүний дараа олон наст ургамал ургах нөхцөл бүрддэг. Ийм үйл явц хамгийн багадаа 4-10, ихдээ 40-50 жил шаарддаг. Гэхдээ харьцангуй танагтай үед нь орхивол шүү. Эс бөгөөс огт сэргэхгүй. Тиймээс арга хэмжээ авах аргагүй болтол ашиглах бус, малынхаа тоо толгойг нэн даруй зохицуулж, “амь тариа” хийх шаардлагатай. Тэгж байж л Монгол орны хээрийн экосистем, нүүдлийн мал аж ахуй үлдэнэ. Монгол Улс, монгол үндэстэн бүрэлдэн бий болсон урьдач нөхцөл нь мал. Хэрэв бид хээрийн экосистемийг хайрлахгүй, гамнахгүй, хэт олширсон малаар сүйтгүүлээд, устгавал манай үндэстний уламжлал үгүй болно. Хээрийн экосистем үгүй болбол бэлчээр байхгүй, мал байхгүй. Тиймээс энэ нь үндэстний асуудал. Үүнийг эрт ойлгож, арга хэмжээ авахад төрийн бодлого, хуулийн зохицуулалт, хүн бүхний хичээл зүтгэл чухал.