АНУ-ын Миннеаполис хотын тангарагтны шүүх цагдаагийн ажилтан Дерек Шовиныг өнгөт арьст Жорж Флойдын үхэлд буруутай гэж үзжээ. Энэ тухай Америкийн төв телевизүүд шүүхийн танхимаас шууд дамжуулав.
Шовиныг хайхрамжгүй байдлын улмаас хүний аминд хүрсэн буюу хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт, цаашлаад гуравдугаар зэргийн хүн амины хэрэгт буюу санамсаргүй байдлаар Флойдыг үхэлд хүргэсэн гэм буруутайд тооцов. Эдгээр зүйл ангиар Дерек Шовин 40 жилийн хорих ял сонсож болзошгүй юм. Ялын эцсийн тогтоол найман долоо хоногийн дараа гарах аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шүүхийн шийдвэрийг “шударга” хэмээн үзээд "бугшсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал"-тай тэмцэхэд асар “том алхам боллоо” хэмээн мэдэгджээ.
Мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис дээрх шүүхийн шийдвэр гарсны дараа эрүүгийн эрх зүйн шинэчлэл хийхийг уриалжээ. Тэрбээр нь ялангуяа баривчилгааны үеэр цагдаагийн байгууллагын эрх мэдлийг хязгаарладаг Флойдын нэртэй хуулийг батлахыг Конгресст уриалсан байна.
Өнгөрсөн оны тавдугаар сард цагдаагийн ажилтан Дерек Шовин өнгөт арьст Флойдыг баривчлах үедээ боох арга ашигласан бөгөөд үүний дараа Флойд удалгүй нас барсан юм. Энэ үйл явдлын дараа АНУ даяар олныг хамаарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал дэгдсэн билээ.