АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зурлаа гэж Цагаан ордон мэдээлэв. Тодруулбал, АНУ өөрийн компаниудад 2021 оны 6-р сарын 14-ний өдрөөс хойш Оросын Төв банк, Үндэсний баялгийн сан, эсвэл Сангийн яамнаас гаргасан Оросын өрийн үнэт цаасыг шууд худалдаж авахыг хоригложээ. Мөн АНУ-ын Сангийн яам Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Оросоос үүдэлтэй гэх хөндлөнгийн оролцоотой холбоотой байж болзошгүй 16 хуулийн этгээд болон 16 иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ. Түүнчлэн, Крымтэй холбоотой найман иргэн, хуулийн этгээд хар жагсаалтад орсон байна.
Үүнээс гадна Вашингтон дахь Оросын элчин сайдын яаманд ажилладаг 10 дипломат ажилтныг АНУ хөөжээ. Америкийн талын мэдээлснээр тэдний дунд "Оросын тагнуулын албаны төлөөлөгчид" байгаа аж. Мөн Афганистан дахь дайчдад америк цэргүүдийн амь насыг хөнөөсний төлөө шагнал гардуулахад Москва оролцсон гэх мэдээлэлтэй холбогдуулан АНУ “дипломат, цэрэг, тагнуулын сувгаар” хориг арга хэмжээ авахаар шийджээ. Афганистаны дайчдад барууны эвслийн цэргийн албан хаагчдад халдсан тохиолдолд мөнгөн шагнал олгоход оролцсон байж болзошгүй гэсэн таамаглалыг ОХУ урьд нь эрс няцааж байсан.
Цагаан ордны мэдээлснээр АНУ Оростой харилцаа холбоогоо "сөрөг замналаар" үргэлжлүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэж үзэхгүй байгаа боловч Москвагийн дайсагнасан үйлдэлд хариу өгөх болно. “ Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа АНУ Оростой тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц харилцаатай байхыг хүсэж байгаагаа тодорхой илэрхийлсэн. Бид сөрөг замналаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Гэсэн хэдий ч бид үндэсний эрх ашгаа хамгаалж, бидэнд хор хөнөөл учруулахад чиглэсэн үйл ажиллагааных нь төлөө ОХУ-ын засгийн газарт хохирол үзүүлэх болно гэдгээ бид олон нийтийн өмнө ч хувийн хурмаар ч тодорхой ярьж байсан” гэж мэдэгдэлд дурдсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков өөрийн зүгээс Москва хориг арга хэмжээ авч буй Вашингтонтой харилцахдаа харилцан хариу өгөх зарчмыг удирдлага болгоно хэмээн мэдэгджээ Түүний үзэж байгаагаар АНУ-ын шинэ хязгаарлалтууд нь Вашингтоны өөрийнх нь санал болгосон хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтад дэм болохгүй гэжээ