Дани улс “AstraZeneca” коронавирусийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө дахин ашиглахгүй байхаар шийджээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн газрын захирал Сорен Брустром хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.. “Цус өтгөрөх, цус алдах, тромбоцитын тоо буурах зэрэг ховор боловч хүнд хэлбэрийн тохиолдол болон “AstraZeneca” вакцины хооронд холбоо байгаа. Дани улс COVID-19 цартахлын эсрэг хяналтаа сайн хийдэг бөгөөд халдварын эсрэг өөр вакцинууд байдаг. Үндэсний Эрүүл мэндийн зөвлөл Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг “AstraZeneca” вакцингүйгээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв" гэж тэрбээр хэлжээ. Ингэхдээ эрх баригчдын мэдээлснээр Данийн Эмийн Агентлаг нь “AstraZeneca” вакцины үүсгэдэг цусны бүлэгнэлийн эрсдэл нь Covid-19 өвчнөөр нас барах эрсдэлээс хамаагүй бага гэж дүгнэсэн Европын холбоотой санал нэг байгаа аж. Гэсэн ч улс орон бүр вакцин ашиглахаа өөрсдөө шийддэг тул Дани улс “AstraZeneca” вакциныг дархлаажуулалтад ашиглах боломжгүй хэмээн дүгнэжээ. Үүнтэй уялдуулан дархлаажуулалтын төвүүддээ тараасан 2.4 сая AstraZeneca вакциныг буцааж татахаар болжээ.Тус улсад вакцины дараах цусны бүлэгнэлийн хоёр тохиолдол бүртгэгдсэний нэг нь 60 настай эмэгтэй нас барсан байна.