Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нар утсаар ярьжээ. Яриа Жо Байдены санаачлагаар болжээ. Хоёр улсын тэргүүн нар стратегийн тогтвортой байдлын талаар хэлэлцээ хийхээ тохиролцлоо гэж Цагаан ордон мэдэгдэв. "Ерөнхийлөгчид ярианыхаа үеэр дэлхийн болон бүс нутагийн хэд хэдэн асуудлыг хөндлөө. Үүний дотор хоёр улс зэвсэглэлийг хянах асуудал болон START III-ын (стратегийн довтолгооны зэвсэглэл) гэрээний хугацааг сунгахтай холбоотой гарч ирж буй аюулгүй байдлын заналхийллийг арилгах талаар хэлэлцээр хийхийг зорьж байгаа талаар ярьлаа” гэж мэдэгдэлд дурджээ.
Жо Байден Крым болон Украинтай залгаа хил дээр Оросын зэвсэгт хүчин "гэнэт" нэмэгдсэнд санаа зовниж байгаагаа Владимир Путинд хэлжээ. Тэрээр АНУ нь Украины бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжих талаар тууштай зүтгэж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Оросын талаас кибер халдлага хийж, сонгуульд хөндлөнгөөс оролцсон тохиолдолд Вашингтон өөрийн ашиг сонирхлыг тууштай хамгаална гэдгээ хэлсэн гэж Цагаан ордон мэдэгджээ.
Кремлийн цахим хуудаст хэвлэгдсэн мэдэгдэлд кибер халдлагын талаар огт дурдагдаагүй бол Украины хувьд "Украины дотоод хямралын талаар санал солилцох үеэр Владимир Путин Минскийн арга хэмжээний багц дээр үндэслэн улс төрийн зохицуулалт хийх арга замыг тодорхойлов" хэмээн бичжээ
Хоёр улсын тэргүүн нар ойрын саруудад биечлэн уулзах боломжийг хэлэлцжээ.