“Eat This, Not That!” (Түүнийг биш үүнийг ид) нэртэй эрүүл мэндийн цахим хуудаст тайван бус унтах эсвэл нойргүйдэлд хүргэдэг хоол хүнсний тухай мэргэжилтнүүдийн ярьсныг нийтэлжээ. Америкийн мэргэжилтнүүдийн хэлснээр оройн цагаар хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж болзошгүй хоол хүнснээс зайлсхийх ёстой аж. Ялангуяа халуун ногоотой хоол эсвэл хөнгөн харшил үүсгэдэг хоол хүнс ихэвчлэн нойрыг тавгүйтүүлдэг гэнэ. Гэхдээ энэ асуудлын хамгийн чухал эх үүсвэр бол цусан дахь сахарын түвшний хэлбэлзэл гэж тэд онцолсон байна. Унтахаасаа өмнө чихэрлэг зүйл идэж уухаа больчихвол хүн илүү тайван унтдаг аж. Согтууруулах ундаа нь унтахад эерэг нөлөө үзүүлдэг гэж та бодож байгаа бол эндүүрэл гэнэ. Согтууруулах ундаа хүнийг амархан унтуулдаг ч нойрны үелзлийг эвддэг тул тухайн хүний нойр хэзээ ч тайван байдаггүй аж.
Харин Хонконгийн хоол тэжээлийн мэргэжилтэн зөв хооллох замаар нойрыг хэрхэн сайжруулах талаар ярьжээ. Тэрбээр оройдоо хоёр киви идэхийг зөвлөсөн байна. Унтахаасаа нэг цагийн өмнө энэ жимсийг идвэл хурдан унтахаас гадна шөнийн цагаар бага сэрж бат бөх унтахад тусалдаг болохыг эрдэмтний хийсэн судалгаа харуулжээ.