Бразилын Үндэсний Конгрессын (хоёр танхимтай парламент) дээд, доод танхимын тэргүүлэгч Родриго Пашеку, Артур Лира нар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришээс олон улсын COVAX-ын шугамаар дамжуулан тус улсад коронавирусийн эсрэг вакциныг нэн яаралтай нийлүүлэхийг хүсжээ. Энэ тухай Бразилын хууль тогтоох байгууллагын хэвлэлийн алба мэдээлэв. “Даваа гарагт Родриго Пашеку НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярихдаа Бразил улсад цартахлын нөхцөл байдал тун хүнд байгааг дахин сануулжээ. Дөрөвдүгээр сарын 1-нд <...> Сенатын дарга НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийг Бразил дахь вакцинжуулалтыг түргэсгэхийг” хүссэн уриалга илгээснийг мэдээлэлд дурдсан байна. Артур Лира өөрийн “Твиттер”-тээ мөн Гутеррештэй ярьсан тухайгаа бичсэн бөгөөд ярианыхаа үеэр Бразил улсад "вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна" гэдгийг онцолжээ.
2021 оны 3-р сарын сүүлчээр Бразилын эрх баригчид цартахлын эсрэг хороо байгуулсан бөгөөд түүний зохицуулагчдын нэг нь Сенатын дарга Родриго Пашеку болжээ. Бразилийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Освальдо Крузын нэрэмжит эрдэм шинжилгээний нийгэмлэг 3-р сарын эхээр улс орон даяар цартахлын байдал эрс муудаж байгааг онцолсон бол өнгөрсөн долоо хоногт "халдвар орон даяар идэвхтэй тархаж байгаа" гэж тэмдэглэжээ. Тус нийгэмлэгийн судалгаагаар 4-р сард цартахлын нөхцөл байдал "нэн хүнд хэвээр байх" ажээ.
2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар Бразил улсад коронавирусийн халдварын 13,521,409 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн 24 цагт халдвар авсан хүмүүсийн тоо 38866-оор нэмэгдэж, 1,738 хүн нас баржээ.